Төвбанк бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргасан байна.

Мөнгөний бодлогын зөвлөл "Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци 2017 оны хоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 2.1 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 1.4 хувьд хүрлээ. Инфляци цаашид алгуур өсөхөөр байгаа ч зорилтот түвшнээс давж гарахааргүй байна. Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг Засгийн газрын бондоор сольж, шинээр “Хуралдай” бонд гаргаж, БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг сунгасны үр дүнд богино хугацааны гадаад төлбөрийн дарамт буурлаа.

Эдийн засаг, санхүүгийн зах зээл дээр ийнхүү эерэг өөрчлөлт гарсан хэдий ч төсвийн болон гадаад секторын тодорхой бус байдал хэвээр байна. УИХ-аар 2017 оны төсвийн тодотгол, ОУВС-гийн захирлуудын зөвлөлөөр “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг тус тус хэлэлцсэний дараа мөнгөний бодлогын төлөвийг цаашид өөрчлөх эсэхийг эргэн харах нөхцөл бүрдэнэ" гэж үзжээ.

 Б.Заяа