Толгодын цаанаас ингэ буйлуулаад Лхагва ах ирж явна

( Согтоодоггүй, шартуулдаггүй, өвдүүлдэггүй "архи" бол ном билээ...)

Өнөөдрийн гэрэлтэй уулзалт сэтгэлийг улам гэрэлтүүлэв.

Жагдалын Лхагва гэж намбайсан хүн 75 нас хүрчихээд ирж явна...

Жаахан хоцорчихов уу...гээд үсээ намируулсхийн, сахлаа имэрсхийн, малгайгаа духдуулсхийн, өнөөх л нүдээрээ жоготой инээсхийгээд эгц урдаас ирж явна...

Улсын төв номын санд өнөөдөр өдрийн хугасыг Жагдалын Лхагва гэгч монголын том зохиолчтой уулзаж , өмнө нь тэр бүр мэддэггүй байсан " цэргийн баярын өдөр" төрснийг нь ч мэдлээ...!

Зарим дотны андууд нь ч энэ өдрийг мэдэж авлаа гэж уулга алдсан шүү!

Лхагва ах уг нь орос боловсролтой хэрнээ төрсөн өдрөө тэмдэглэж сүржигнэхээр эр биш л дээ! Харин тэрний оронд " Лениний төрсөн өдрийг тэмдэглэе" гээд ганц хоёр гожин задлахнаа сийхгүй!
Учир нь тэрбээр коммунизм руу тэмүүлсэн социализмын үзэл сурталд тааруулж зарим нэг хүнд сурталтан, хэт хувьсгалчийн амыг таглахдаа " Энэ тухай Ленин юу ч хэлээгүй..." гэж ёжлонгуй үгээр аргалчихдаг байсан гэж нэг найз нь дурссан санагдана!
Ийм л яргай, давхар ухаантай байж.
Төв номын сангийн гуравдугаар давхрын уншлагын танхимыг уулзалтынх болгоно гэж ажлаа хүлээн авахдаа хэлж байсан Б.Ичинхорлоо хэлсэндээ хүрч нээрэн сайхан тайз, орчин бүрдүүлжээ.
Үүднээс л ажилтнууд нь бөхөлзөн амрыг эрж, хүрэх газрыг зааж өгсөөр угтав.
Мөнөөх танхимд яах аргагүй, савхин саравчтай малгай духдуулсан Лхагва ах үсээ хийсгэн,сахлаа сөрвийлгөн алхаж айсуй...! Уг зургийг Ононгийн шугуйн захад алхаж явахад нь гэрэл зурагчин С.Цацралт авсан гэнэ.

Энэ агшнаас хойш 20 жил өнгөрчээ...тэгэхэд Лхагваа ах 55 настай, үс нь хараараа, сахал нь ч хараараа...давхраатай дугараг том алаг нүдээрээ инээсэн янзаараа алхаж явна...хүн хэт өтлөхгүй идэр насаа үлдээх нь зүгээр ч юм уу?
Яг л тэр залуухан хэвээрээ...Нацагдорж 37 настай, Есенин 30 настай хэвээрээ л бидэнд үзэгддэг шиг, Лхагва ах 55 настай хэвээрээ ирсэн ч 75 насныхаа ойг " Толгодын цаана ингэ буйлна" зузаавтар бүрэн түүвэр, " Толгодын цаана ингэ буйлна", " Яргуйн эрэлд " өгүүллэгийн сонсдог хоёр номоо сугавчлан ирж, үр хүүхэд, ах дүү, найз нөхөд, номын садантайгаа халуун дулаан инээд, хууч хуваалцан баяр дүүрэн тэмдэглэлээ!

Жагдалын Лхагва ахын охин Нарандулам, хүргэн , зээ хүү гурав нь ийм л буянтай уулзалтыг их л дотносог, элгэмсэг хийлээ шүү!

Ж.Лхагва ахыг 96 нас хүрсэн Бөхийн Бааст гуай үнсэж, үеийн дотно найз Б.Догмид, Л.Дашням, Дарма Батбаяр, Д.Урианхай нар нь тэвэрч уулзлаа!

Тун их ойрын хоёр найз болох Б.Лхагвасүрэн нь гэргий Баасангаа явуулсан бол Ц.Доржготов нь ирж амжсангүй бололтой...эд нар аргагүй л амь найзууд байсан юм.
Тиймээс "Дөмөн" гэж бүлэг байгуулаад булагнаж суудаг, гэр бүлээрээ найзууд байлааш дээ!

Бивээр оюутан байхдаа Ц.Доржготов ахынд эднийг нийлж уухад нь , уух ч гэж дээ, нэг хоёр шил архийг шөнөжин тойруулж онигоо, шоглоо, зохиолын санаагаа хувааж байхуйд хэдэнтээ барааддаг байсансан...тэгэхэд намайг ганц нэг юманд гүйлгэнэ...өнөөх нь ч их ойрхон Ц.Доржготов ахын гэрийн хажууд, бараг л нэг орцонд шахам 64 дүгээр дэлгүүр л дээ...тэндээс хэлснийг зөөхдөө ч дуртай!
Ж.Лхагва ах их гоё ууна...зөөлөн ярьж, голдуу нөхдөө инээлгэж, бараг согтохгүй...уугаад байх тусмаа эрүүл болоод байгаа юм шиг уунгаа ярина...

Ийм л хүн...өнөөдрийн уулзалтаар нөхөд нь Жагдалын Лхагваархуу ярьцгаалаа...түүнийгээ их санан үгүйлснийх байх...

Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Догмид " Лхагваа бол миний найз гэхдээ багш минь...намайг өөд татсан. Архи дарснаас салгаж утга зохиол руу уруу татсан. Эргэлийн зоо гэж Америкийн эрдэмтэн Эндрьюс эрэл хайж явсан газар төрсөн юм. Тэнд чинь Равжаа хутагт, ардын зураач Гаваа, агуу бүжиг дэглээч Сэвжид, долоон доктор төрсөн, дуурийн дуучин Банди, Улс төрийн товчооны нэг гишүүн...гээд ланжгарууд төрсөн юм. Багш нь Төрийн шагналт, өгүүллэг, туужийн мастер Дэмбээгийн Мягмар байсан гээд бод. 7 дугаар ангид байхад нь багш нар нь өргөдөл бичиж Лхагвааг 8, 9 дүгээр ангийг нь алгасуулж 10 дугаар ангийг нь төгсгөе гэж хүсэлт тавиад хот руу явуулсан чинь шалгалтаа онц өгөөд шууд ЗХУ-ын Укрианы нийслэл Киевын цахилгааны инженерийн хуваарь аваад явчихсан. Орос хэлийг зүгээр сураагүй, ус шиг урсгаж сурсан. Нэгдүгээр курст байхдаа Д.Мягмар багшийнхаа " Газар ба би" туужийг орос хэлд хөрвүүлчихээд ирж байсан. Бас испани хэл сураад Кубын зохиолч Хосе Мартийн шүлгийн номыг орчуулаад ирж байлаа...би орост В.Распутин энэ тэртэй явахдаа Лхагваагийн орос хэл дээр бичсэн өгүүллэгийг өөрийн юм шиг уншиж , алдрын малгай өмсөж архи хоолоор дайлуулж л явлаа" гэж дурсав.

Тэгсэн Ардын уран зохиолч , Соёлын гавьяат Б.Бааст гуай босоод " Би монголын уран зохиолд гурван хүнд онцын хайртай. Богино, уран шүлэг бичдэг Долгорын Нямаа, хурц, ухаантай шүүмж бичдэг Ц.Хасбаатар, богино өгүүллэгийн мастер Ж.Лхагва гурвыг л хэлнэ. Лхагва бид хоёр чинь сүүлдээ ураг холбосон.Манай шар хүү түүний охин Нарандуламтай суусан. Идэрээ гэж хүүтэй..." гэж гайхуулав. Монголын хамгийн өндөр настан зохиолч, худ ургийн холбоотой гэх Б.Бааст гуайд Б.Ичинхорлоо цэргийн баярын бэлэг болгож мөнгөн аягатай сүү хадагтай барьсан нь олны сэтгэлийг хөдөлгөсөн сюрприз боллоо. Бас ардын хувьсгалтай чацуу энэ хүн шиг насан дээрээ манай үеийнхэн ус уухгүй архи ууна гэж агсан тавьж чадахгүй дээ гэж цаашлуулав. Учир нь цэвэр ус уух уу гэж өгөхөд үгүй гэж уцаарласныг нь Ичкоо цаашлуулсан нь энэ. Тэгэхнээ Д.Урианхай бас ураг холбосон гэж барьцлаа. Д. Урианхай номынх нь өмнөтгөлд бичсэн үгээ хэлээд Лхагвааг дэлхийн хэмжээнээс ч хальсан зохиолч гэж үнэллээ.


Төрийн шагналт , Соёлын гавьяат Дарма Батбаяр " Бид нэгэн цагт цуг утга зохиолд орж ирсэн, бид нэгэн цагт толгодын цаана ингэ буйлна гэж, бид нэгэн цагт саахалтын цаана ангир дуугарна гэж, бид нэгэн цагт шөнийн талд адуу янцгаана гэж бичиж орж ирсэн. Бид нэгэн цагт хөдөө рүүгээ эргэж ирсэн. Хөдөөгийн сэрэл мэдрэмжийг бид олсон. Ж.Лхагвагийн өгүүллэгээс судлаачид, багш нар, оюутнууд, залуус суралцаасай. " 17- той байхад" өгүүллэг дэндүү уран хийцтэй. Морь уургалахыг л айхтар уран бичсэн байгаам. Би энэ уран дүрслэлийг 50 гарчихсан хойноо л олж мэдсэн юм шүү" гэж онцлов. 
М.Горькийн дээд курст хамт сурч байсан МУСГЗ, яруу найрагч С.Оюун, үндсэн ангид сурч байсан Ж.Сарантуяа нар ч сайхан дурсамжаа ярилаа. 1970 онд 9 шижигнэсэн залуу нэг өдөр МЗЭ-д гишүүнээр элсчээ. Д.Батбаяр, Д.Урианхай, Б.Хүрэлбаатар, Л.Дашням, Ж.Лхагва гээд...одоо бүгдээрээ том зохиолч болжээ. Үүнээс хойш 47 жил болжээ. Цаг хугацаа мөн ниссэн байгаа юм шүү. МУСГЗ, зохиолч, орчуулагч, яруу найрагч Л.Дашням " Манай Лхагва охин Нарандуламаа төрөхөд намайг дагуулж эмнэлэг явж байсан. Цэцэгмаа төрчихлөө. Хоёул явья гэж байсан. Одоо тэр охин томоо болоод аавынхаа бүрэн түүврийг хоёр сонсдог номын хамт хэвлүүлээд байна.Үртэй хүн сайхан юм. Лхагва судлалыг эхлүүлье" гэх сайхан санал дэвшүүллээ.
Төрийн шагналт, Соёлын гавьяат Долгорын Нямаа " Би Лхагватай нэг их ойр тойр явсангүй. М.Горькийд сурахаар явахдаа зохиолчдын хороон дээр нэг, хоёр таарсан. Харин ЗХУ руу сурахаар нэг жил явцгааж, нэг нь Москва руу, нөгөө нь Киев рүү салж сурсан. Сүүлд Сэлэнгээс надад нэг захиа бичихдээ " улам олон шүлэг бич" гэж тушаасан маягтай байл уу даа. Тэгэхэд нь л Дарханы дулааны станцад ажиллаж байгааг нь мэдсэн. Толгодын цаана ингэ буйлна гэсэн үгийн цаана монгол орны газар нутгийн онцлог дүр зураг, мал сүргийн чимээ анир, монгол ахуй харагдаад байдаг юм. Энэ хэдхэн үг их уянгалаг, яруу найраг шиг санагддаг. Яваандаа хотын хүүхэд , залуучууд ийм үгнээс их холдоно доо. Ийм үг олж хэлж чадахгүй болно. Тэр цагт Ж.Лхагвагийн энэ үг ойртуулж магадгүй" гэсэн ухаалаг үг хэллээ. МУСГЗ, зохиолч С.Лочин " Намайг " Үнэн" сонинд байхад сонины тасархай булан дээр " Өвгөн чинь Зохиолчийн ТМС төгсөөд ирлээ. Ажилд оруулж өгнө үү? " гэж бичээд явчихсан байсан. Түүнийг нь Л.Түдэв гуайд ойлгуулж " Үнэн"-д ажиллуулсан. М.Горькийн дээд курсыг ингэж ТМС-тэй зүйрлэсэн нь агуу л даа. Л.Түдэв гуай тэр үгэнд нь л үнэлгээ өгсөн юм шүү дээ" гэж ярив. Ж.Лхагва гуай энэ мэт ёжлонгуй сэтгэмж сайтай нь үнэн. Оросын вагонаар нутаг руугаа ирж буцах зуураа оюутан залууст өөрийгөө " Адсага зуусан банхар" гэж танилцуулна...өнөөдүүл нь сайн тогтоохгүй " юу гэнээ ...ахиад хэл дээ" гэхэд нь " Хөдөс зуусан хав" гэж цаашлуулан инээлгэж тохуурхаж явдаг байсан гэдэг. Мөн С.Оюунаар үсээ засуулдаг байж...Түүнийг нь цуг сурч байсан Д.Цоодол, П.Пүрэвсүрэн, С.Пүрэв нар нь цаашлуулж " Манай Лхагва ч мундаг шүү..эмчтэйгээ, эмийн сантайгаа, тогоочтойгоо, авгайтайгаа цуг яваа их эр дээ..." гэж шоолдог байсан ч гэх. Ж.Лхагвын дүү Жаамаа, Нямаа, Амгалан нар нь гэр бүлтэйгээ 600 гаруй км-ын алсаас ирж ахынхаа номын баярт оролцлоо. Охин Нарандулам нь аавынхаа номын буянаар олон жил уулзаагүй ах дүүстэйгээ уулзлаа гээд баясан байлаа. Мөн П.Ганхуяг Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Хөвсгөл сумын сургуулийг 2010 онд Ж.Лхагвагийн нэрэмжит болгожээ. Тэрбээр " Нээрэн говийн өндөр уул нь толгод л юм даа...Толгодын цаана ингэ буйлна...үүгээр нь л нутгийнхаа нэрийн хуудас болгосон. Ирэх намар сургуулийнх нь ой болно.Ж.Лхагва зохиолчийнхоо ном бүтээлийг сум болгонд, сургууль болгонд хүргэх ажлыг бид хийнэ" гэв. Хөвсгөл сумын ИТХ, Засаг дарга, сургуулийн захирал нар нь ирж хүүхэд , ах дүүст нь хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардууллаа. 
Ийнхүү нэрт зохиолч, орчуулагч , сэтгүүлч Жагдалын Лхагва 
" Би ер нь уран зохиолд
Морьтон байхыг хүсдэг хүн
Бие өтлөвч уран бүтээлд
Хорьтон байхыг хүсдэг хүн
Уран зохиолын эмнэг морийг л
Сургаж унаж чадахгүй бол
Унамгай номхон бусдын унаанд
Сундалж дөхөхийг хүсэхгүй би..." гэж 1961 онд Киевт бичиж байсандаа хүрч өөрийн хүчирхэг аргамаг морьтойгоо , хөтөлгөө хос ажнайтайгаа омог бардам 75 насаа унуулаад давхин ирлээ!
Мөнхийн 55 настайгаа, хар үсээ хийсгэнгүй, хар сахлаа имрэнгүй, давхраатай том алаг нүдээрээ инээмсэглэнгүй, жартгар хамраа хөлрүүлэнгүй, навтгар шар шүдээ яралзуулангуй, савхин саравчтай малгайгаа духдуулангуй, намуухан зөөлөн алхангуй ирж явна..." Толгодын цаанаас ингээ буйлуулан ирж явна"...Монголын номны хорхойтон, утга зохиолын садан, анд нөхөд, уншигч та минь Жагдалын Лхагвыг тосон авагтун!


Жич: дээр дурдсан үеийн зохиолч андуудыг нь Соёлын гавьяат, Ардын уран зохиолч, Төрийн шагналт...гэж зориуд цохсоныг анзаарсан уу...Жагдалын Лхагва өнөөдрийн 75 насандаа амьд сэрүүн бидний дунд алхаж яваасан бол эдгээр бүх цолыг хүртчихсэн л байх хүнсэн. Түүний бүрэн түүвэр, сонсдог хос ном нь үүнийг гэрчлэн батлаад өгнө. Уншаад үзээрэй. Сонсоод үнэлээрэй! / би чинь нээрэн 20 жилийн өмнөх Ж.Лхагва ахтай чацуу 55 настай болчихсон юм байнаш дээ.../

2017.03.18...01:55 цагун дору...

МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Жигмэдийн Батсайхан