АН-ын дотоод сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардав

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АН-ын Үндэсний бодлогын хороо (ҮБХ) болон нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад өрсөлдөхөөр бүртгүүлсэн 565 хүнд өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэхийг Монголын нууц товчоо номын хамт гардуулав.

Тус намын дотоод сонгууль ирэх сарын 02-нд болох бөгөөд ҮБХ-нд 511, Нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад 54 хүн өрсөлдөх юм. Уг сонгууль АН-ын төдийгүй Монголын улс төрийн хүчнийхний түүхэнд болж байгаагүй томоохон үйл явдал гэдгийг тус намын дарга С.Эрдэнэ хэллээ.

Тэрбээр, “Энэ сонгуулиар АН бүх шатны удирдах бүрэлдэхүүнээ нийт гишүүдээсээ сонгож, 100 хувь шинэчлэгдэнэ. Бидний эхлүүлсэн энэ үйл ажиллагаа Монголын улс төрийн бүхий л хүрээнд шинэ загвар, үлгэр дуурайл болно гэдэгт эргэлзэхгүй байна" хэмээв.

Нийслэлийн АН-ын даргад Сүхбаатар дүүргийн АН-ын дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан Д.Түвдэндорж нар нэр дэвшлээ. Харин ҮБХ-нд Их аварга Д.Дагвадорж, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Э.Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамгайбаатар, Буян компанийн захирал Б.Жаргалсайхан, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл нарын 511 хүн нэр дэвшиж байна.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал