Казах түмэн өдөр шөнө тэнцдэг хаврын баяраа сурталчлав

Казах түмний үндэсний баяр  Наурызыг угтан Улаанбаатар дахь Баян-Өлгий аймгийн залуучуудын холбооноос МЗХ-той хамтран өнөөдөр “Казах ёс заншлыг сурталчлах өдөрлөг” зохион байгууллаа.

Дорнын зурхай ёсоор Наурыз нь шинэ жилийн эхэн, хаврын өдөр шөнө тэнцсэн өдөртэй давхацдаг. Тиймээс казахууд гуравдугаар сарыг Наурыз гэж нэрлэдэг. Наурыз нь хавар ирснийг илтгэх бөгөөд хаврын сэргэлтийн баяр юм.

Өдөрлөгт зориулан МЗХ-ны өмнөх талбайд хээ хуараар гоёсон казах үндэсний гэрийг тусгайлан барьжээ. Энэ үеэр хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдийг Наурыз көже, идээ будаагаар дайлж, казах түмний ёс зан заншил, түүх соёл, уламжлалын талаар мэдээлэл өгч танилцууллаа. Мөн залуус казах ардын дуу, домборын аялгуу, бүргэд хэрхэн сургадаг талаар сонирхуулсан юм.

Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн залуучуудын холбооны тэргүүн Б.Ербулан хэлэхдээ, “Наурыз нь эсгий туургатны эрх тэгш нэгэн гишүүн болох казах ард түмний эртнээс баримталж ирсэн цаг тоолол ёсоор өдөр шөнө тэнцсэн өдөр тохиодог хаврын баяр билээ. Казах түмэн Наурызын баярыг тэмдэглэхдээ амьдралын үндэс болсон байгаль орчноо хайрлан хамгаалах үйлстэй холбохын зэрэгцээ ахас дээдсээ хүндэтгэн, багачууд хүүхдээ энхрийлж, төрөл төрөгсөд, хамаатан садантайгаа ёс төртэй золгодог зон олон юм. Энэ сайхан уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор өдөрлөг зохион байгуулж байна” гэв.

Өдөрлөгт УИХ-ын гишүүн асан А.Бакей, МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Анхжаргал, УИХ-ын гишүүн, Улаанбаатар дахь Хэнтий аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Н.Учрал, УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны ерөнхийлөгч Г.Тэмүүлэн болон залуучуудын төлөөлөл оролцов.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр