Д.Содномдорж: Утаа бууруулах шалгарсан арга бол цахилгаан

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн 12 дугаар сард агаарын бохирдлыг бууруулахад эрдэмтдийн шинэ санаа, шилдэг технологийг нэвтрүүлэх үүрэг өгсөн. Энэ дагуу БСШУС-ын сайд Ж.Батсууриар ахлуулсан баг ажиллаж буй. Цахилгаан хангамжийн шийдлийг судлан боловсруулах дэд ажлын хэсгийн ахлагч ШУТИС-ийн зөвлөх профессор, академич, доктор, профессор Д.Содномдоржтой уулзаж ярилцав.

-Эрдэмтдэд агаарын бохирдлыг бууруулах шинжлэх ухааны үндэслэлтэй оновчтой арга боловсруулах үүрэг өгснөөс хойш гурван сар өнгөрлөө. Энэ хугацаанд та бүхэн ямар ажил хийж байна вэ?

-Бид гурван үндсэн чиглэлээр судалгаа хийж байна. БСШУС-ын сайдын тушаалаар Цахилгаан халаалт, дулаан хангамжийг судлах, Тээврийн хэрэгслээс ялгарч буй хорт утааг бууруулах дэд ажлын хэсэг байгуулагдсан. Манай ажлын хэсэгт туршлагатай магистр, инженерүүд багтсан.  Улаанбаатар хотын гэр хорооллыг цахилгаанаар халаах боломжийг судалж байна. Бид хэд хэдэн үндсэн зорилт тавьсан. Эхний ээлжинд гадаад, дотоодод  үйлдвэрлэж буй цахилгаан халаалтын тоног төхөөрөмжийг судалж байна. Чингисийн талбайд өнгөрсөн оны 11 дүгээр сард зохион байгуулсан үзэсгэлэнд тавьсан бүтээгдэхүүнүүдээс таван ханатай монгол гэрийг цахилгаанаар халаахад хамгийн боломжтой ямар төхөөрөмж байж болохыг судалсан.  Ингэхдээ цахилгаан эрчим хүч бага хэрэглэдэг, үнэ харьцангуй хямд, аюулгүй байдлыг хангасан, хэрэглэгчдийн эрүүл мэндэд хоргүй үндэсний үйлдвэрлэлийг түлхүү оруулах үндсэн үзүүлэлтийг баримталсан. Нийт 30-40 төхөөрөмжөөс эцсийн байдлаар 10-аад тоног төхөөрөмжийг сонгон жагсаалт гаргаад байна. 24 цагийн турш  гэрийн температурыг  тогтмол хэмжээнд барьж чадаж байна уу, хэр зэрэг цахилгаан эрчим хүч хэрэглэж байна вэ гэдгийг туршиж үзлээ. Мөн хүйтний улиралд тэсвэртэй хэрэглэж болох тоног төхөөрөмжүүдийг туршин хөндлөнгийн байгууллагуудаар баталгаажуулсан.

-Нийт гэр хорооллыг цахилгаанаар халаахад Улаанбаатар хотын эрчим хүчний эх үүсвэр хүрэлцэх үү?

-Улаанбаатар хотын гэр хороололд 200 мянга орчим өрх бий. Үүний 90 мянга орчим нь монгол гэрт, 100 гаруй мянга нь хувийн орон сууцанд амьдардаг.  Халаалтын төхөөрөмж хамгийн бага нь 500 ваттаас дээш 5 кВт хүртэл халаах хүчин чадалтай байна. Утааг шийдвэрлэсэн олон улсын практикт доод тал нь 3-5 кВт-аар 27-28 м.кв талбай бүхий байрыг халаадаг.  Тэгэхээр нэг өрхийг дунджаар 2 кВт цахилгаанаар халаана гэж үзвэл манайд 400 мгвт-ын хүчин чадалтай эрчим хүчний эх үүсвэр шаардлагатай. Энэ нь Гуравдугаар цахилгаан станцын хүчин чадлыг хоёр дахин нэмсэнтэй тэнцэнэ. Эх үүсвэрийг бий болголоо гэхэд гэр хороололд түгээх шугам сүлжээний бэрхшээл гарч ирнэ. Өнөөдөр манай гэр хорооллын шугам сүлжээний дамжуулах хүчин чадал дээд цэгтээ хүрсэн. Тиймээс шугам сүлжээг өргөтгөх, шинээр барих талаар судалж байна.

-Зөвхөн судалгааны ажил л явж байна гэж ойлгож болох уу?

-Манайд хэрэглэж буй тоног төхөөрөмжийн дийлэнх нь “Радиотар” хэмээх монгол гэрт зориулсан усан бөгөөд бусад шингэнийг ашигладаг паарын систем /цахилгаанд залгаад паарыг 2-3 минутын дотор халааж дулаацуулдаг/ бий.  Мөн ус болон ямар нэгэн шингэн хэрэглэхгүйгээр цахилгаанд залгаад халаах, хэт ягаан туяагаар халаах зэрэг тоног төхөөрөмж бий. “Тулгат” компанийн ХБНГУ-аас оруулж ирсэн төхөөрөмж бий. Үнэ нь 2.4 сая төгрөг бөгөөд цахилгаан их зарцуулдаг.  Гэр хороололд үүнийг худалдан авах боломжтой айл ховор. “Мон-Ашид” компанийн БНХАУ-аас оруулж ирсэн 295-395 мянган төгрөгийн үнэтэй усан цахилгаан радиаторыг хот хөдөөгийн 10 мянган айлд туршиж үзлээ. Гэхдээ Ерөнхий сайд бидэнд үүрэг өгөхдөө эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг дэмжихийг санал болгосон. “Гэрэлтэх нарны туяа” компанийн усан халаалттай радиатор, “Эко жигүүр” компанийн хэт ягаан туяагаар халаах тоног төхөөрөмж, “Л.А.А.А.Л” компанийн хаягдал ногооноос гаргасан тусгай шингэнээр халаадаг тоног төхөөрөмж байна. Энэ бүгдийг судлан Ерөнхий сайдад энэ сарын сүүлээр өргөн барина.

-Манайхан дулаарахаар утааг мартдаг. Та бүхэн дулааны улиралд ямар ажил хийх вэ?

-Зун боллоо гээд утааны асуудлыг мартаж болохгүй. Үүнийг Засгийн газар шийдэх ёстой. 

-Агаарын бохирдлыг бууруулсан бусад орнуудын туршлагыг судалж үзэв үү?

-Гадаадын улс орнуудад ахуйн болон үйлдвэрийн утааг багасгаж амжилт олсон орнуудын судалгаа хийж үзсэн. БНХАУ-ын Хөх хот болон Казахстаны Усть-Каменогорск хот агаарын бохирдлоо амжилттай шийдвэрлэж чадсан юм билээ. Эдгээр хотын туршлагыг судлах төлөвлөгөө бий. Гэвч бид өнөөдрийг хүртэл санхүүгийн асуудлаас болж судалж чадаагүй байна.

-Эрдэмтдэд утааг бууруулах чиглэлээр өмнө нь хийж боловсруулсан сайн технологи бий юу?

-Бид олон жил утаагүй зуух хийх талаар  ажилласан. 1970-аад оны сүүлээр Эрчим хүчний хүрээлэнд Тогоо сайдыг ажиллаж байх үед Дэнжийн мянгын хэсэг газрыг цахилгаанаар халаах ажил яригдаж байсан. Түүнээс хойш утаагүй зуух, утаагүй түлш гээд жил бүр их хэмжээний хөрөнгө зардаг байлаа. Улаанбаатарын утааны 70-80 хувь гэр хорооллын түүхий нүүрсний хэрэглээнээс гарч байна. Шинжлэх ухааны ойлголтоор утаагүй түлш гэж байдаггүй. Түүхий нүүрсийг хагас коксжсон хэлбэрээр боловсруулан бага утаа гаргах арга юм.

Гэр хорооллыг орон сууцжуулах замаар агаарын бохирдлыг бууруулах нь дэлхий нийтийн хамгийн шалгарсан арга. Энэ талаар би 10-аад жилийн өмнө төсөл боловсруулсан ч хэн ч хүлээж аваагүй. Орон сууц барих газраас эхлээд дагалдах цахилгаан эрчим хүч, дулааны хангамж зэрэг цогц асуудлыг шийдвэрлэх хүртэл буюу 2040-2050 оноос өмнө Монгол Улс үүнийг шийдвэрлэж чадахгүй.

-Нийслэлчүүд хамгийн богино хугацаандаа хэзээ утаанаас салах вэ?

-Гэр хорооллын халаалтыг цахилгаанаар шийдэхээс өөр арга зам байхгүй. Түүнтэй өрсөлдөх хямд арга алга. Шууд л 2017 он гэхэд утаагүй болгох боломжгүй. Засгийн газар гараад 4 жилийн хугацаанд үе шаттай хийх ёстой. Засгийн газрын бодлогоор эхний ээлжинд гэр хорооллын 20 мянган айлыг цахилгаанаар халаана. Дараа нь эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадал, цахилгаан шугам сүлжээний хүчин чадлыг нэмэх зэргээр шат дараатай ажлыг хийхэд дөрвөн жилийн дараа утаа 70-80 хувь буурна гэсэн зорилттой ажиллаж байна.

Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр