Хотын дарга Лхагва гараг бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээн авна

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл долоо хоног бүрийн Лхагва гарагт 10 цагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээн авч уулзаж асуудлыг нь шийдвэрлэдэг болно хэмээн мэдэгдлээ.

Тэрээр хэлэхдээ, “Засаг даргын дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийг яаралтай байгуулж, эдгээр иргэнд зориулсан жижиг дунд үйлдвэрлэл, бичил зээл гаргаж, орон сууцны дэмжлэг үзүүлж ажиллана. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 36 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байна.  Нийслэлээс эдгээр иргэний эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагуудтай гэрээ байгуулан санхүүжилт олгосон бөгөөд нийт 1600 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг байнгын ажлын байртай болгожээ. 24 мянга гаруй смарт картыг нийслэлийн Нийгмийн халамж үйлчилгээний газраас олгоод байна. Нийт 36,454 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд цахим системээр газар өмчлүүлж, ахмадын түрээсийн орон сууцанд эдгээр иргэний 18 хувийг хамруулан ажиллаж байна” хэмээн онцлов.

 Б.Заяа