Г.Уянга: Жижиг хувьцаа эзэмшигчдийг хохиролгүй болгох хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Уянгаас “Зоос банк” ХК-ийг татан буулгасан ажиллагаа болон хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах, хохирлыг хэрхэн барагдуулах талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалд тавьсан асуулгын хариуг сонслоо.

УИХ-ын гишүүн Г.Уянга асуулга тавих тухай албан тоотдоо, “Монголбанкын Ерөнхийлөгчийн 2009 оны 650 дугаар тушаалаар “Зоос банк” ХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл 5 жилийн хугацаанд банкыг татан буулгах ажиллагаа дуусаагүй бөгөөд тус банкны жижиг хувьцаа эзэмшигч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол өнөөдрийг хүртэл зөрчигдсөн хэвээр байгаа тухай тус банкны хувьцаа эзэмшигч иргэдээс удаа дараа гомдол ирүүлсээр байгаа билээ. “Зоос банк” ХК нь 14.666.703 ширхэг хувьцаатай, эдгээр хувьцааг 635 хувьцаа эзэмшигч хуваан эзэмшдэг. Үүнээс 7 хувьцаа эзэмшигч нь хувьцааны дийлэнх хувийг эзэмшдэг бөгөөд үлдсэн 628 хувьцаа эзэмшигч нь жижиг хувьцаа эзэмшигч юм байна. Иймд “Зоос банк” ХК-ийг татан буулгах ажиллагааны тухай болон уг ажиллагааны явцад дээрх 628 жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хангах талаар, мөн тэдний хохирлыг барагдуулах талаар тодорхой хариулт ирүүлнэ үү” гэсэн байна.

Монголбанкнаас өгч буй тайлбараар бол Зоос банк нь харилцагч, хадгаламж эзэмшигчдийн анхны шаардлагаар мөнгөн хөрөнгийг гаргаж чадахгүйд хүрсэн тул албадан буулгахаар шийдвэрлэжээ. Зоос банк ХК-ийн санхүүгийн тайлан өнгөрсөн оны 4 дүгээр сарын байдлаар 146 сая төгрөгийн цэвэр актив хөрөнгөтэй, нийт өр төлбөрийн 66,2 тэрбум төгрөг, үйл ажиллагааны хуримтлагдсан алдагдал 66 тэрбум төгрөг байна. Зоос банк ХК-ийн эрх хүлээн авагчийн зүгээс Засгийн газрын бондын төлбөрийг төлж барагдуулах үйл ажиллагаа үргэлжилж байгаа тул хувьцаа эзэмшигчдийн банкинд оруулсан хөрөнгө оруулалтыг барагдуулах боломж бүрдээгүй байна” гэлээ. 

Үүний дараа гишүүд зарим асуудлыг тодруулсан ба УИХ-ын гишүүн Г.Уянга, “Зоос банкны бүтцийг өөрчлөн байгуулна гэсэн тогтоол гарсан байна. Энэ банк тэгэхээр дампуураагүй гэсэн үг. Тэгвэл хувьцаа эзэмшигчид ноогдол ашиг хуваарилах ёстой биш үү. Манай гишүүд дотор  жижиг хувьцаа эзэмшигч байдаг юм билээ. Тэр эрх хүлээн авагч чинь өндөр цалинтай хэрнээ ямар удаан ажиллаж байна вэ” гэсэн. Уг асуултад холбогдох албан тушаалтан, “Ноогдол ашиг хуваарилах ямар ч боломжгүй. Зоос банк 87,9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан. Эрх хүлээн авах ажиллагаа 6 жил үргэлжилж байгаа” гэсэн тайлбар өглөө.

Г.Уянга асуулгын төгсгөлд, “Зоос банкны эх үүсвэр дээр Төрийн банкийг байгуулсан гэж байсан. Төрийн банкийг хувьчлах үеэр энэ асуудал тод яригдана байх. Том хувьцаа эзэмшигчид мөнгөө гаргаад авчихсан байна. Жижиг хувьцаа эзэмшигчид хохироод үлджээ. Банкны мэргэшсэн луйвар болжээ. Маш олон алдаатай үйлдлээр уг банкийг татан буулгасан нь тодорхой харагдаж байна.Та нар хуйвалдаж мөнгө иддэгээ болих хэрэгтэй. Жижиг хувьцаа эзэмшигчдийг хохиролгүй болгох тал дээр ажиллахгүй байна. Энэ асуулгын хариуг үндэслээд Эдийн засгийн байнгын хороо ажиллах хэрэгтэй” гэлээ. Үүгээр чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан өндөрлөв.

Б.Туул