Мөнгөний бодлогын талаарх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хорооны гишүүд тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжиж, энэ талаарх байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов. 

Мөн хуралдаанаар Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Энэ үеэр ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналуудын томьёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ. Мөн уг хуулийн төсөлтэй хамт Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрчим хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг төсөл санаачлагчид нь буцаахаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг дэмжив. Үүгээр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж, энэ талаарх байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.

Б.Туул