“Оюуны хөгжил” цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-12-10 14:58:35

Ой хүрээгүй хүүг хоол идсэнгүй хэмээн хараан загнаж, зодсон цэцэрлэгийн тогоочийн үйлдэлтэй холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч төрийн бус өмчийн “Оюуны хөгжил” цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоогоод байсан. Харин өнөөдөр аймгийн Засаг дарга захирамж гаргаж, тус цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.

Тус цэцэрлэг хоёр жилийн өмнө тусгай зөвшөөрөл авч, үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд 40 хүүхдийн багтаамжтай, энэ тоогоор улсаас хувьсах зардал авч ажилладаг байжээ.

Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр “Оюуны хөгжил” цэцэрлэг нь боловсролын стандарт зөрчсөн нь тогтоогдсон тул цаашид үйл ажиллагаа явуулах эрхийг ийнхүү цуцалсан байна.

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газар, Боловсрол, соёлын газарт тус тус үүрэг болгожээ.

Дундговь Т. Отгонтуяа

 

Related news