Айл ухаж байсан этгээдийг үйлдэл дээр нь барьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-11 17:32:38

Айлын хаалгыг түгжээд хулгай хийж байсан этгээдийг барьж  Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээллээ.

Сүхбаатар дүүрэгт “Баянгол” зочид буудлын ойролцоох орон сууцад гаднын этгээд айл ухаж байна гэсэн дуудлага өнөөдөр 11.00 цагийн орчимд цагдаагийн 102 дугаарт иржээ. Дуудлагын дагуу Улаанбаатар хотын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны албан хаагчид очиж, гэмт этгээдийг үйлдэл дээр баривчиллаа. Гэмт этгээд  тусгай багажаар тухайн айлын хаалганы цоожийг онгойлгож  ороод дотроосоо түгжсэн байв. Цагдаагийнхан тухайн айлын хаалгыг онгойлгохын тулд Тусгай хүчнийхэнд хандсанаар тусгайнхан ирж хулгайд өртсөн айлын хаалгыг онгойлгож, гэмт этгээдийг үйлдэл дээр нь барьжээ.

Ж.Батсайхан

 

Related news