Уур амьсгалын өөрчлөлттэй 100 орны наймд Монгол Улс орж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2015-12-14 18:04:07

Өнөөдөр Улаанбаатар хотноо байрлах Монгол дахь НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газрын гуравдугаар давхарт Парисын тунхаглал СОР 21 буюу Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын түүхэн гэрээний талаар хэвлэлийн бага хурал хийж танилцууллаа.

Энэхүү хэвлэлийн бага хуралд НҮБ-ын Суурин зохицуулагч, хатагтай Биата Транкман, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч др. ноён Сү Ньюнт У, НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч ноён Робэрто Бэнэс, НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч, хатагтай Наоми Китахара, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийн орлогч, ноён Томас Эрикссон нар оролцов.

Монгол Улсад өнөөдөр агаарын хэм 2.07-гоор дулаарсан нь дэлхийн дунджаас давж гарсан нь уур амьсгалын өөрчлөлттэй 100 орны наймд жагсаж байна гэдгийг Нэгдсэн үндэсний байгууллагын суурин зохицуулагч Биата Транкман онцоллоо. Тэрбээр, эх дэлхийгээ аварч чадах сүүлчийн мөч ирсэн байж болох тул хүн бүр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь нэмэр оруулах хэрэгтэй байгааг ч онцлон хэлж байв.

Францын нийслэл Парис хотноо энэ сарын 12-ны өдөр эх дэлхийгээ хамгаалахад чиглэсэн, түүхэн баримт бичгийг баталсан нь хүн төрөлхтөний түүхэнд анх удаа бүх улс орныг өнөөгийн болон ирээдүйн хариуцлагад суурилсан нийтлэг зорилгоор нэгтгэж чадсан билээ. Дэлхийн дулаарал хүний үйл ажиллагаатай шууд холбоотой. Хүн төрөлхтөн түүхий нүүрс, тос, хийн хэрэгцээгээ багасгах замаар дулаарлын эсрэг тэмцэх шаардлага тулгараад байгаа юм.

Манайх шиг түүхий нүүрсний хэрэглээ өндөртэй улс сэргээгдэх эрчим хүчийг түлхүү хэрэглэх, шинэлэг хэлбэрийн, байгальд ээлтэй үйлдвэр, технологийг хөгжүүлэх хэрэгтэйг НҮБ-аас зөвлөж байна. Үүнд төр засаг, бизнес эрхлэгчид, иргэний нийгэм, хувь хүн зэрэг бүх талын оролцоо чухал бөгөөд НҮБ-аас байгаль орчноо хамгаалах, ядуурлыг устгах, тогтвортой хөгжлийг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг онцолж байв.

Ногоон хөгжлийн загварчлалаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, эдийн засгийн өсөлт авчрах боломжтой бөгөөд энэ тал дээр манай улс анхаарч ажиллахыг Парисын хурлын энэ үеэр онцлон анхааруулжээ. Монгол Улсын хувьд үнэ хямд ч байгаль орчинд сөргөөр нөлөөлж буй түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах ёстойг НҮБ  зөвлөж байна.

Уур амьсгалын өөрчлөлт байгалийн гамшгийн хүч болон давтамжийг нэмэгдүүлж байгаагаас сүүлийн 20 жилд дэлхийн эдийн засагт хоёр их наяд ам.долларын хохирол учруулжээ. Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын түүхэн гэрээнд зааснаар цаашид дэлхийн дулаарлын дундаж өсөлтийг 1.5 хэмд хүргэхээр заасан бөгөөд энэ үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх санхүүжилтийг баталсан юм.

Д.Өлзий

Related news