"Дугуйтай Санта-2015" сайн үйлсийн аян болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-12-14 18:20:50

Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв,  “Оргил" дугуйн клубтэй хамтран "Дугуйтай Санта-2015" сайн үйлсийн аяныг энэ сарын 26-ны бямба гарагт  3 дахь жилдээ зохион байгуулна.

Тус сайн үйлсийн аянаар өндөр настай 100 ахмад, Улаанбаатар хотод суугаа 6 дүүргийн  эмзэг бүлгийн 300 хүүхэд бэлэг гардуулах гэнэ.

Жил бүр бэлэггүй орхигдоод байгаа нийгмийн эмзэг бүлгийн  хүүхдүүдэд чин сэтгэлийн бэлэг гардуулах зорилготой тус үйл ажиллагаа энэ жил Тусгаар тогтнолын ордны их танхимд болох юм. Тус үйл ажиллагаанд урлаг соёлын алдартнууд оролцож бяцхан дүү нар болон ахмадууддаа бэлэг барихаар болжээ. Түүнчлэн өндөр настан, дүүрэг дүүргийн авьяастай хүүхдүүдийн концерт болох аж.

Дашрамд дуулгахад, "Дугуйтай санта-1" нь 2013 оны 12 дугаар сарын 24-нд Чингэлтэй, Хайлааст, Дэнжийн-1000 гэсэн 3 бүс газарт 500 хүүхдүүд, дараа онд нь буюу өнгөрсөн оны 12 дугаар сарын 20-нд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 25 дугаар тусгай дунд сургуульд 350 хүүхдүүдэд  тус тус бэлэг гардуулж байжээ. Сайн үйлсийн аян нь энэ жил цар хүрээгээ улам өргөжүүлсэн гэдгийг зохион байгуулагчид нь хэллээ.

Б.Туул

 

Related news