Д.Ганбат: Өршөөлийн хуулийг шүүх анх удаа бие даан хэрэгжүүлсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-15 14:52:57

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссоос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат, "Өршөөл үзүүлэх тухай хуулийг Монгол Улсын шүүх анх удаа бие даан хэрэгжүүллээ" гэв.

Хуулийн хүрээнд шүүх нийт 1252 ялтныг өршөөн хэлтрүүлж, 312 этгээд өршөөн хэлтрүүлэгдсэнээс гүйцэтгэгдээгүй торгох ялаас 119, албадан ажил хийлгэх ялаас 63, баривчлах ялаас 130 этгээдийг өршөөн хэлтрүүлж, 1760 ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хассанаас 678 ялтан суллагдаж, 338 хүнд холбогдох 284 эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Дээрх үзүүлэлтээс харахад тус хуулинд 4340 хүн хамрагдаж, нийслэлд харьяалагдах хорих ангиудаас 386 ялтан, үлдэх 866 ялтан орон нутгийн хорих ангиудаас суллагджээ.

Хуульд хамрагдан суллагдсан иргэдээс гэмт хэрэгт 28 этгээд холбогдсон нь суллагдсан тэдгээр иргэний 1.4 хувь байгааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга  Г.Туулхүү мэдээлэв. Өөрөөр хэлбэл, хулгайлах 21, танхайрах 3, бусдын биед хөнгөн гэмтэл учруулах 2, дээрэм, залилан тус бүр нэг үйлдэгджээ.
 

Б.Туул

Related news