Хятад, Оросын харилцаа өргөжинө гэж Си Зиньпин найдаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-16 09:15:50

ХАНЖОУ. /Xinhua/. Ирэх жил Хятад, Оросын харилцаа улам өргөжиж, хоёр орны ард түмэн үр шимийг нь хүртэнэ гэж найдаж буйгаа Хятадын Ерөнхийлөгч Си Зиньпин илэрхийлсэн байна.

Хятадын зүүн нутгийн Жөзян мужийн Ужэнь хотод Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведевтэй уулзах үеэрээ тэрбээр ингэж хэлжээ.

2015 онд хоёр талын хамтын ажиллагаанд гарсан амжилтыг Си Зиньпин сайшааж, дэлхий дахин болон бүс нутгийн байдал өөрчлөгдөхөөс үл хамааран, Хятад, Оросын хамтын ажиллагааны стратегийн цогц түншлэлийг бэхжүүлэх бодлого баримтлах талаар тэрбээр Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтай санал нийлсэн гэж хэлсэн байна.

Худалдаа, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хүн-хүн хоорондын солилцоо, орон нутгийн түвшний харилцаа зэрэг салбарт хамтын ажиллагаагаа тэлэхийн тулд шинэ санаа, хэмжүүрийг хоёр улс хамтран турших хэрэгтэй гэж Си хэлжээ.

Хятад, Оросын харилцаа өндөр түвшинд гарсанд Орос сэтгэл хангалуун байгаа бөгөөд хоёр талын эдийн засаг, соёлын хамтын ажиллагаа байнга өсөн нэмэгдэж буйд баяртай байгаагаа Медведев илэрхийлсэн юм.

“Евразийн эдийн засгийн холбоо” болон “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийн санаачилгыг стратегийн хүрээнд аргамжихыг Орос дэмжиж, дэд бүтэц, санхүү, эрчим хүч, хөрөнгө оруулалт, мэдээллийн сүлжээ болон бусад салбарт Хятадтай хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ хэмээн Медведев амласан байна.

Х.Аминаа

 

Related news