Алеппо мужийн 9 сууринг Сирийн арми чөлөөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-12-16 09:25:45

 МОСКВА. /TASS/. Сирийн Засгийн газрын хүчин өнгөрсөн долоо хоногт Алеппо муж дахь 9 сууринг чөлөөлсөн гэж ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын ерөнхий ажиллагаа хариуцсан хэлтсийн дарга, дэслэгч генерал Сергей Рудской мэдэгдэв.

"Алеппо муж дахь “Ковайрес” агаарын цэргийн баазын эргэн тойрны аюулгүй байдлын бүсийг Сирийн Засгийн газрын хүчин тэлж, Идлиб мужийг чиглэн давшиж байна. Өнгөрсөн долоо хоногт 9 сууринг чөлөөлсөн" гэж тэрбээр мэдэгджээ.

Мөн тэрбээр, “Сирийн арми ОХУ-ын агаарын цохилтын дэмжлэгтэй давшиж байна. Латакиа, Алеппо, Хама, Хомс муж болон Дамаск хотын захаар байлдааны ажиллагаа эрчимтэй өрнөж байгаа мэдээлэл ирсэн. Террористууд ихээхэн хохирол амсаж байна” гэж мэдэгдсэн байна.

Ракка хотын хойд хэсэг дэх “Лалын улс” бүлэглэлийн байрлалд ОХУ 17 удаа агаараас цохилт өгч, 150 гаруй босогчийг устган Сирийн сөрөг хүчинд дэмжлэг үзүүлжээ.

Д.Нямтулга

 

Related news