Ажил хайсан залуусын тоо эрс нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-12-16 15:02:52

Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржид сүүлийн үед ямар ч ажлыг гололгүй хийнэ гэх ажил хайгч залуусын тоо нэмэгджээ.

Залуучуудын хөдөлмөрийн төв бирж байгуулагдсан цагаасаа эхлэн цагийн болон байнгын ажилд оюутан залуус төдийгүй ажил хийх сонирхолтой бүх насны хүмүүсийг ажилд зуучилсаар ирсэн. Цагийн ажилд өдөрт 50-80, байнгын ажилд өдөрт 30-50 залууг зуучилдаг  байна.

Сүүлийн саруудад байнгын ажил хайгчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэн, зөөгч, ачигч, үйлдвэрийн туслах, харуул хамгаалалт, жолооч гэх мэт ажилд бүртгүүлэх болжээ.

Дашрамд дуулгахад, улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 63 хувийг 15-34 насны залуус эзэлж байгаа бөгөөд хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд өнгөрсөн сарын байдлаар давхардсан тоогоор 109 мянга 845 бүртгэлтэй ажилгүй иргэн нэмэгдсэнээс 39 гаруй мянга нь шинээр бүртгүүлж, 70.5 мянга нь мэдээллээ шинэчилсэн байна. Тэгвэл ажил олгогч иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас 69 мянга 879 орон тоотой ажлын байрны захиалга бүртгэгджээ.

Related news