Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг нийтлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2015-12-18 09:05:44

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг холбогдох бусад хуулийн хамт нийтэллээ. 

Хөгжлийн бодлого төлөвлөлтөд ямар зарчмыг баримтлах, баримт бичиг нь дэвшүүлж байгаа зорилго, зорилтоосоо хамааран ямар төрөлтэй байх, хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах хэдэн үе шаттай байх, тавигдах шаардлага, санхүүжилт нь ямар эх үүсвэртэй байх зэргийг тодорхой тусгаж өгчээ.

 Тухайлбал Урт хугацааны буюу 15-20 жилийн хугацаанд хэрэгжүүлэх  хөгжлийн бодлогын баримт бичиг нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, Дунд хугацааны буюу 8-10 жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын баримт бичиг нь төрөөс баримтлах бодлого, бүсчилсэн хөгжлийн бодлого, аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт, Дунд хугацааны буюу 3-5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын баримт бичиг нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, үндэсний хөтөлбөр болон дэд хөтөлбөр, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, Богино хугацааны буюу нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын баримт бичиг нь улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, аймаг, нийслэл, сум, дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл байх юм.

Үүнээс гадна Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Ерөнхийлөгчийн хоригийн тухай болон Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг бүрэн эхээр нь нийтэлжээ. 

Н.Туяа

Related news