Төсвийн байнгын хороо ирц бүрдэхийг хүлээж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-18 11:15:21

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр 09.00 цагаас хуралдах ч ирц бүрдээгүй тул 11 цаг болоход хуралдаанаа эхлээгүй байна.

Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон ““Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын 1999 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоол, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аудитын сэдэв батлах тухай” байнгын хорооны тогтоол гэсэн 5 асуудал хэлэлцэх товтой. 

Байнгын хороо 10,20 минутын үед эхэлсэн ч УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа эзгүй гишүүний карт хийж ирц бүрдүүллээ гэсэн асуудлыг тавьсаны зэрэгцээ дээрх 5 асуудлаас завсарлага авч байгаагаа мэдэгдсэн. Иймээс хуралдаан цаашид үргэлжлэх боломжгүй болж, эмнэлэгт хэвтэж буй УИХ-ын гишүүн М.Сономпилыг эмнэлгээс ирэхийг хүлээж байна. Түүнийг ирвэл ирц бүрдэж хуралдаан эхлэх юм.

Б.Туул 

Related news