"Лалын улс"-ыг санхүүгийн эх үүсвэргүй болгох тогтоолыг НҮБ баталлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-18 12:28:17

НҮБ. /Anadolu/. “Лалын улс” бүлэглэлийн санхүүжилтийг таслан зогсоох илүү үр дүнтэй арга хэмжээ авахыг уриалсан тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өчигдөр баталлаа.

АНУ болон ОХУ-ын хамтран гаргасан уг тогтоолыг Аюулгүйн зөвлөлийн Сангийн сайд нарын түвшний уулзалтын үеэр санал нэгтэйгээр баталжээ.

“Лалын улс” бүлэглэлийн санхүүгийн эх үүсвэр, тэр дундаа, нефтийн худалдааг нь таслан зогсоохын тулд хатуу арга хэмжээ авахыг уг тогтоолоор орнуудаас шаардаж, террористуудын санхүүжилтийг таслан зогсоох зорилготой өмнөх тогтоолуудыг хэрэгжүүлэх явц дутмаг байгааг сануулсан байна.

2013 оны дунд үед Аюулгүйн зөвлөлийн гаргасан “Аль-Каида” бүлэглэлийн хориг арга хэмжээний жагсаалтын дагуу “Лалын улс” бүлэглэлд хориг арга хэмжээ авч эхэлсэн. Харин өчигдөр баталсан тогтоолоор хориг арга хэмжээний уг дэглэмийн нэрийг “Лалын улс” болон “Аль Каида” бүлэглэлийн хориг арга хэмжээний жагсаалт болгон өөрчилжээ.

Аюулгүйн зөвлөлийн өчигдрийн уулзалтыг даргалсан АНУ-ын Сангийн сайд Жейкоб Лью, “Лалын улс” бүлэглэлийг олон улсын санхүүгийн систем болон эдийн засгийн эх үүсвэрээс нь салгах олон улсын хамтын нийгэмлэгийн арга хэмжээг энэ тогтоол улам бүр бэхжүүлж байна гэж мэдэгдсэн байна.

Энэ тогтоол маш чухал алхам хэдий ч баталсны дараа бидний хэрэгжүүлэх арга хэмжээнээс үр дүн нь гарна гэж тэрбээр мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Related news