В.Путины Хэвлэлийнхэнтэй хийсэн уулзалт 3 цаг гаруй үргэлжлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2015-12-18 14:42:39

Энэ сарын 17-нд  Орос улсын ерөнхийлөгч Владимир Путины жил бүрийн  XI дэх удаагийн   хэвлэлийн их чуулган Москвагийн Олон улсын худалдааны төвд болж өнгөрөв.

Ерөнхийлөгчийн хэвлэлийнхэнтэй хийсэн уулзалт 3 цаг 07 минут үргэлжилсэн. Дотоод, гадаадын болон бүс  нутгийн сэтгүүлчдийн тоогоороо энэ удаагийн уулзалт  хамгийн олон сэтгүүлч  оролцсон хэвлэлийн бага хурал  болов.

Сэтгүүлчид ерөнхийлөгч  Владимир Путинд асуулт тавихын тулд  өөрсдийн ХМХ-ийн нэр, хот, бүсийн нэр болон ярих сэдвээ томоор  бичиж гар өргөж байлаа. Орос улсын ерөнхийлөгч өмнө нь жил бүрийн  хэвлэлийн их чуулганаа өнгөрч буй жилийн  улс орны эдийн засгийн тогтвортой өсөлтийн  тоймоор эхэлдэг уламжлалтай байсан. Тэгвэл  энэ удаа Владимир Путин өөрөө шууд асуулт хариултадаа орохыг санал болгосон юм. 

“Комсомольская правда” сонины сурвалжлагч Александр Гамов “Эдийн засгийн хямралын тухай болон хамралаас  хэзээ гарах вэ?”, Өнгөрсөн жил та хоёр жилийн хугацаанд гарна гэж ярьж байсан. Одоо таны  таамаг  өөрчлөгдсөн үү?” хэмээх асуултаар хэвлэлийн бага хурал  эхэлсэн.

-Владимир Путин хариултын эхэнд  нэгэн онигоо ярьсан. Хоёр найз уулзаад нэг нь “За сонин юу байна? гэжээ. Нөгөө нь “яахав дээ хар, цагаан зураас л байна “гэж. Тэгвэл одоо ямар зураасан дээр байна даа? гэхэд одоо хар зураасан дээр байна хө” гэжээ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа хоёр найз дахин тааралдаж, “за юу байна даа? Одоо ямар зураас дээр явж байна?”гэхэд бас л хар гэжээ. “Үгүй ээ, түрүүчийн удаа хар байсан биз дээ”гэхэд нь түрүүчийн удаа “цагаан байсан юм билээ” гэжээ. В.В.Путин ярихдаа, манай байдал нэг иймэрхүү л  байна гэсэн. 

Ерөнхийлөгч Путины үзэж буйгаар, бүхэлдээ тус улсын эдийн засаг муугүй байдалд байгаа бөгөөд хямралын оргил үе ард үлдсэн гээд , үүний нотолгоо болгож тэр  нэлээд олон тоо баримтыг цээжээр дурдсан.

Орос улсын ерөнхийлөгчийн тайлангийн энэхүү хэвлэлийн их чуулган  дээр сэтгүүлчид  олон улсын байдал, тухайлбал, Турк, Украйн, Египедтэй харилцааны тухай  болон  Сирид “Исламын улс”-тай тэмцэхэд АНУ-тай НҮБ -ын Аюулгүйн зөвлөлд барих төсөл дээр хамтрах  тухай болон Оросын сөрөг хүчний удирдагч Борис Немцовын аллагын тухай, Орос улсын нийгмийн эмзэг сэдвээр болоод  Владимир Путины охидын тухай нийт  47  асуулт тавьж , төрийн тэргүүнээс нухацтай  хариулт сонссон.   

Москва хот . А.Огторгуймаа 

Related news