Жингийн тавцан буруу заасны улмаас 17.7 тонн буудай дутжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2015-12-18 14:47:40

“Улаанбаатар гурил” компаниас Төв аймгийн Угтаалцайдам сум дахь Тариалан эрхлэлтийг дэмжих сан (ТЭДС)-гийн салбараас буудай худалдан авахад 17.7 тонн дутсан талаар Стандарчилал, хэмжил зүйн газар (СХЗГ)-т гомдол ирүүлжээ.

Уг гомдлын дагуу СХЗГ-аас ажлын хэсэг байгуулж, Угтаалцайдам сум дахь ТЭДС-гийн салбарт шалгалт хийжээ. ТЭДС-ийн жингийн тавцангийн гадна тал суулт өгсөн байгаа нь тогтоогдсон бөгөөд энэ нь ачаалал ихсэх тусам буруу заах нөхцөл болдог аж. Тус жингийн тавцан дээр 8 тонны туухай тавьж үзэхэд 40 кг-ын алдаатай заасан тул улсын баталгаажуулалтын 02772 тоот гэрчилгээг хүчингүй болгон, 068 тоот лацыг хураажээ.

Мөн СХЗГ-аас аливаа жингийн тавцан 40 тонн ачаалалд 20 кг-аас илүү зөрүү гаргасан тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандан шийдвэрлүүлж байх зөвлөмжийг ТЭДС-гийн салбарт хүргүүлж, үлдэгдэл 17.7 тонн улаанбуудайг “Улаанбаатар гурил” компанид нөхөн олгохыг үүрэг болгожээ.

Ч.Ариунболд

Related news