Хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2015-12-18 16:02:59

Шинэ жилийн баяр дөхөж байгаа энэ үед хугацаа дууссан хүнсний бараа, бүтээгдэхүүн худалдан авч эрүүл мэндээрээ хохирохгүй байхыг МХЕГ-ын “Зөвлөгөө, мэдээллийн төв”-өөс анхаарууллаа.

Иймээс иргэд та бүхэн хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа хадгалах хугацаа дуусаагүй эсэхийг шалгах, сав, баглаа, боодлын бүрэн бүтэн байдлыг анхаарах, мах, загас, шувуу зэрэг түүхий бүтээгдэхүүнийг шууд хэрэглэдэг бусад бэлэн бүтээгдэхүүнээс тусад нь авч явах, хөлдөөсөн, хөргөсөн хүнс худалдаж авсан бол аль болох богино хугацаанд хөлдөөгч, хөргөгчиндөө хийхийг зөвлөж байна.

Хэрвээ хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, сав, баглаа, боодол нь урагдаж гэмтсэн, лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төвийсөн,  дарахад хотолцож байвал, өндөгний хальс нимгэрч, өнгө нь өөрчлөгдсөн, хагарч цуурсан, гадна тал нь бохирдсон, шилэнд савласан бүтээгдэхүүнд булингар, тунадас, хөгц үүссэн байвал, хиам, өндөг, нарийн боов, студень, зууш зэрэг түргэн мууддаг бүтээгдэхүүнийг хөргүүргүй, ил задгай борлуулж байвал, худалдааны газарт борлуулж буй хөлдөөсөн бүтээгдэхүүн гэссэн байвал чанар нь алдагдаж, өвчин, эмгэг үүсгэгч бичил биетэн үржсэн байж болзошгүй. Ийм тохиолдолд худалдаж авахгүй байхыг анхааруулж байна. 

Ж.Болор

 

Related news