Гааль татварын байгууллагыг нэгтгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-12-18 17:57:19

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөл таван бүлэг, 15 зүйлтэй бөгөөд гааль татварын байгууллагыг нэгтгэх асуудлыг тусгасан юм. Өөрөөр хэлбэл, гааль, татварын албаны удирдлагыг нэгтгэн зохион байгуулах, улмаар албаны мэдээллийн баазыг нэгтгэн татварын хяналт шалгалт, хураалтын үйл ажиллагааг хялбаршуулахаар хуулийн төслийг боловсруулжээ.

Тус хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Гаалийн тухай хууль, Татварын ерөнхий хууль болон Банкны тухай хуульд тус тус холбогдох  нэмэлт, өөрчлөлт орох юм. Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн олонх дэмжсэнээр  эдгээр хуулийн төслүүдийг УИХ-аас өнөөдөр ийнхүү баталлаа.

Гааль татвар ийнхүү 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэг удирдлага дор ажиллана.

Б.Туул

Related news