Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ноогдуулахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-12-18 18:07:21

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах систем дэлхийн өндөр орлоготой ихэнх улсад хэрэгждэг. Манай улсын хувьд эдийн засгийн өсөлт саарсан, хадгаламжийн хэмжээ бага байгаа, иргэдийн орлого зарлагын харьцаа сайнгүй энэ цаг үед хэрэгжүүлж эхлэх нь иргэд, харилцагчид санхүүгийн хүндрэл бий болгох, банкин дахь эх үүсвэрээ буцаан татах гэх мэт сөрөг үр дагаварыг үүсгэж болзошгүй  байх тул хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах хугацааг дахин сунгах саналыг Монголын банкны холбооноос гаргасан . Тус саналын дагуу Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулсан байна.

Хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед хуралдаанд оролцсон гишүүд зарчмын санал гаргаагүй бөгөөд УИХ-ын гишүүн Д.Батцогт тус хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул олонхийн саналаар хуулийн төслийг батлав.

Б.Туул

 

Related news