Сүм хийдүүдийг “Монгол орны хүрээ хийдүүдийн жаяг”-аар ажиллахыг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-12-19 15:51:39

 Монголын бурханы шашинтны төвийн тэргүүн лам нарын ээлжит хуралдаан  өчигдөр Мэдээлэл сүлжээ холбоо компанийн “Онлайн хуралдааны танхим”-д боллоо.

Тус хуралдаанд  21 аймаг, Улаанбаатар хот дахь дүүргүүд, уламжлалт томоохон хийдүүдийн тэргүүн лам нар оролцжээ. Тэргүүн лам нарын зөвлөлд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц болон томхон хийдүүдийн тэргүүн лам нар багтдаг аж.

 Хуралдаанаар Монголын Бурханы шашны бодлого, хэтийн төлөв, бие даасан байдал, эв нэгдэл, шүтэн бишрэх эрх  болон “Монгол орны хүрээ хийдүүдийн жаяг цааз, холбогдох дүрэм журам”, “Бурханы шашны хийд оронд тавих шаардлага” байгууллагын стандартыг хэрэгжүүлэх сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв.

Лам нар  Бурханы шашны хурал номын газрууд нь чиглэл зорилгод нийцсэн нэр, бүтэц, шашны чанартай сургалт, боловсрол, ёс зүйтэй лам хуврагууд, тохилог үзэмжтэй сүм дугана, сүсэгтэн олонд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх шаардлагатай байгааг онцолжээ.

Мөн нийгэмд үзүүлэх халамж, үйл ажиллагаагаа жигд явуулах эдийн засаг, сургалтын суурь баазтай байх зэрэг тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд дээрх стандарт чухал гэдэгт санал нэгдсэн байна.

Мөн үеэр сүм хийдүүдийг Далай багшийн айлдсан “Монгол орны хүрээ хийдүүдийн жаяг”-аар ажиллах уриалга гаргажээ. Эл жаяг нь лам хуврагуудын дагаж мөрдөх 7 зүйл, орчин цагт нийгмийн сайн сайхныг бүтээн цогцлооход оролцох зүйл заалтыг нэмсэн 8 зүйл бүхий ерөнхий цааз бичиг аж. Тиймээс уг жаягийг үндэслэн “Төр сүм хийдийн харилцааны хууль”, “Монгол Улсын Үндсэн хууль”, бусад хууль дүрмүүд, уламжлалт жаягийг орчин үетэй  уялдуулсан “Монгол орны хийд орны нийтлэг дүрэм, лам хуврагуудын хурал ном, үйл ажиллагааны дотоод журам”, “Тэргүүн лам нарын зөвлөлийн хурлын дүрэм, хурлын дэг, ёс зүйн журам”-ыг мөрдөж ажиллахаар болсон байна.

 Б.Заяа

Related news