Эмэгтэйчүүдийн цусанд агуулагдах хар тугалгын хэмжээ өндөр гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunzaya@montsame.mn
2015-12-19 17:55:18

АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл мэндийн сургуулийн Орчны Эрүүл мэндийн багш Э.Ундармаа, Джон Хопкинсийн Нийгмийн эрүүл мэндийн судлаачид хамтран Улаанбаатар хотын орон сууц болон гэр хорооллын эмэгтэйчүүдийн цусанд агуулагдах хар тугалгын хэмжээг агаарын чанартай харьцуулан судалжээ.

 Судалгаанд 40-60 насны 50 эмэгтэйг хамруулсан бөгөөд 50 хувь нь Чингэлтэй орчмын гэр хороололд амьдардаг иргэдийг сонгожээ. Харин орон сууцны оршин суугчдыг Зайсангаас сонгосон байна. Дээрх судалгаагаар орон сууцанд амьдарч буй иргэдийн дотоод орчны агаар гэр хорооллоос 3-4 дахин бага гарчээ. Харин орон сууцны эмэгтэйчүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээ их гарсан нь анхаарлыг татжээ. Улмаар судалгааны явцад орон сууцанд амьдарч буй эмэгтэйчүүдийн гэртээ суудаг хүмүүсийн хар тугалгын хэмжээ бага байсан бол ажилтай иргэдийнх өндөр гарсан аж. Үүнийг судлаачид  гадаад орчин бохир байгаатай холбон тайлбарлаж өвлийн цагт  Улаанбаатарт гадаа бага явах нь аюул багатайг тогтоожээ.

Хар тугалга нь хоол боловсруулах болон амьсгалын замаар хүний биед нэвтрэн ордог байна. Нүдэнд үл үзэгдэх тоосонцорт хүнцэл хүний биед ихээр агуулагдвал хавдар үүсгэх гол шалтгаан болдог аж.

 Б.Заяа

Related news