Баянхонгорын ЕБС-ууд ус цэвэршүүлэх төхөөрөмжийн тоогоо нэмэгдүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-12-19 22:21:37

ШӨХТГ-аас улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн Ерөнхий боловсролын сургуулиудад үнэгүй цэвэр усаар үйлчилж байгаа байдалд гүйцэтгэлийн шалгалтыг хийжээ. Энэ хичээлийн жилийг сурагчдад сургууль  дээр үйлчлэх Ундны цэвэр усны үйлчилгээг нэмэгдүүлэх жил болгосонтой холбогдуулан хэдийгээр эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй байгаа ч ажлыг сайн зохион байгаа аймаг дүүргүүд цөөнгүй байгааг албаныхан мэдээллээ.

Тодруулбал, Баянхонгор аймгийн сургуулиуд шинээр 38 ширхэг ус цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулж сайшаагдсан байна. Сурагчдад сургууль дээр үйлчлэх цэвэр усны үйлчилгээг нэмэгдүүлэх  ажилд эцэг, эхчүүдийн хандив, UNICEF, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагууд болон НҮБ-ын хүүхдийн төлөө сангийн тусламж голлох үүрэг гүйцэтгэтгэжээ.

2015 оныг дэлхий нийтээрээ эрүүл зөв, зохистой хооллолтын жил болсонтой холбогдуулан Олон улсын хэрэглэгчийн байгууллагаас дэвшүүлсэн сургуулиудыг үнэгүй, эрүүл, аюулгүй ундны усаар хангах уриалгыг ШӨХТГ-аас хэрэгжүүлж 2015-2016 оны хичээлийн жилд улсын хэмжээнд зохион явуулж байгаа аж. Мөн сургууль дээр сахар, давс, өөх тосны өндөр агууламжтай бүтээгдэхүүн болон хийжүүлсэн ундаа худалдаалах, энэ чиглэлийн сурталчилгаа явуулахыг  зогсоох талаар чиглэл өгчээ.

Энэ  оны 6 сард хийсэн судалгаагаар улсын хэмжээнд 674 ширхэг ус цэвэршүүлэх төхөөрөмжтөй байсан бол 1031 ширхэг болж 30 орчим хувиар нэмэгдсэн дүн гарсан байна.

Б.Мөнхзул

Related news