Xог шатааж цахилгаан, дулаан үйлдвэрлэх станцын шав тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-22 10:27:44

“Ахуйн хог хаягдлыг ашиглаж, цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх 2,5 МВТ станцын шавыг тавих ёслол 12 дугаар сарын 21-ний өдөр Чингис хотод боллоо.

Ёслолын ажиллагаанд аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар тэргүүтэй албаны хүмүүс болон “Чанг Гва Энержи”, “Сектех групп” компанийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцлоо. Шадавдаржаалан хийдийн лам нар газар, лусыг аргадсан ном айлдаж, Ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулгын дуучин Н.Ганзолбоо уртын дуугаар ая дууны түрлэг өргөлөө. БНСУ-ын “Чанг Гва Энержи”, Монгол Улсын “Сектех групп” компани хамтран энэхүү станцын барилга байгууламж, тоног төхөөрөмж, цахилгаан, дулааныг түгээх гол магистрал шугамын хамт иж бүрнээр нь өөрийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулан “барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх” концессын төрлөөр 19 жилийн хугацаанд ашиглаж дуусгаад үнэ төлбөргүй Хэнтий аймагт шилжүүлж өгөх нөхцөлтэйгээр ийнхүү үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа аж.

Аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар “Чингис хот маань өдрөөс өдөрт өргөжин тэлэхийн хэрээр дэд бүтцийг сайжруулах, хог хаягдлын асуудлыг ухаалагаар шийдвэрлэх сорилт бидний өмнө бодитоор тулгарч байна. Улс, орон нутгийн төсөв хүндрэлтэй үед төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр орон нутагтаа хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах үүднээс 2014 оноос орон нутгийн концессын зүйлийн жагсаалтыг батлан олон бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлж байна. Үүний нэг нь 20 сая ам.долларын хөрөнгө оруулалттай уг станц юм. Хэнтий аймгийн зүгээс тэдний ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх үүднээс 1,6 га газрыг Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт шийдвэрлэн өглөө. Ингэснээр хүний эрүүл аюулгүй, хоггүй цэвэр орчинд амьдрах шаардлагыг хангасан технологитой үйлдвэрийг Чингис хотод байгуулж, Хэнтийчүүд аюулгүй, тохилог орчинд тав тухтай, амьдрах боломжийн нэгээхэн хэсгийг бүрдүүллээ”  гэв.

Өнөөдрийн байдлаар Хэнтий аймагт улирлаасаа хамаараад өдөрт 30-45 тн хог хаягдал гардаг бөгөөд түүний 70 орчим хувь нь шатаах боломжтой хатуу хог хаягдал байна. Тус станц нь цагт 2,5 тн хог эсвэл 2,5 тн нүүрс шатаан 2,5 МВт цахилгаан, 20 тн халуун ус түгээх боломжтой. Хог хаягдлын хэмжээ багаас шалтгаалан гарах илчлэгийн хувь хязгаарлагдмал учраас станцын найдвартай ажиллагааг хангах зорилгоор холимог буюу түүхий эдийн 70 хувь нь хог, 30 хувь нь нүүрс байхаар шийджээ. Хог нь тэсэрч дэлбэрэх бодис л биш бол эмнэлгийн хог хаягдал, хуванцар, үхсэн малын сэг зэм гээд шатаж болох юу л байна бүгд байж болох юм.

Улмаар тус станцыг ЦДҮС ХК-ий 110/35/6кВ-ын Өндөрхаан дэд станцын 6 кв-ын сүлжээнд холбохоор техникийн шийдлийг нь боловсруулжээ. Ингэснээр тус сүлжээний алдагдлыг бууруулах, чанарын шаардлага хангахгүй байгаа хүчдэлийг өсгөх, ачааллыг хөнгөлөх, эрчим хүчний нөөц эх үүсвэрийг бий болгож, импортын цахилгааныг бууруулах боломжийг ч тооцоолсон байна.

"Сектех групп”-ийн Ерөнхийлөгч Л.Бат-Өлзий “Цаашид хог хаягдлыг шатааж устгах ажлыг Зүүн бүсийн хэмжээнд зохион байгуулж, шатах боломжтой хогийг ангилан ялгаж, тус станцад тээвэрлэн авчрах нөхцөлийг хүртэл бид нарийвчлан судалсан. Аймаг орон нутгийн удирдлагын зүгээс тус төслийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны хөгжилд оруулах хувь нэмрийг өндрөөр үнэлж, станцыг барих тохиромжтой газрыг олгож, холбогдох мэдээлэл, судалгаагаар хангаж бүхий л талаар дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлье” гэв.

Энэ төсөл манай улсад анх удаа хэрэгжихдээ Чингис хотоос эхэллээ тавьж, тун удахгүй Дархан-Уул аймагт эхлэх юм. Тус компаниуд энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд дэлхийд хамгийн сайн гэж тооцогдсон, байгаль орчинд хор нөлөөгүй технологийг БНСУ-аас оруулж иржээ.

О.Буянхишиг

 

Related news