Хүүхэд харах үйлчилгээнд 10.8 тэрбум төгрөг төсөвлөлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-12-22 12:05:06

Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журмыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас баталсан гэв.

Тус хуулийг энэ оны 7 дугаар сарын 2-ны өдөр УИХ-аар баталсан бөгөөд ирэх оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөнө. Хүүхэд харах үйлчилгээ нь сургууль, цэцэрлэг хүрэлцээгүй, хөдөө алслагдсан газар, нутагт амьдарч байгаагаас шалтгаалан сургуулийн өмнөх боловсролд  хамрагдахгүй байгаа бага насны хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд асран халамжлах, хамгаалах үйлчилгээ үзүүлэн нэг талаас хүүхдийн аюулгүй байдлыг хангах, нөгөө талаас эцэг, эхчүүдийн ажил хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлж байгаа нийгмийн үйлчилгээний шинэ хэлбэр юм.

Манай улсад 2-5 насны 266 мянган хүүхэд байгаагаас цэцэрлэг, сургуульд хамрагдаж чадахгүй байгаа 59 мянган хүүхэд байна. Хүүхэд харах үйлчилгээнд үйлчилгээнд хамруулснаар сургуулийн өмнөх боловсролын эрэлт, нийлүүлэлтийн харьцаа тэнцвэржиж, 15-30 мянган иргэн ажлын байртай болох юм. Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах нэг хүүхдийн сарын хоолны зардалд 36 300 төгрөг, хувьсах зардалд 70 500 төгрөгийн зардал олгогдохоор байгаа бөгөөд 2016 оны улсын төсөвт 10.8 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. 

Иймд “Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журам”-ын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Сангийн сайд Б.Болор, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, бүх шатны Засаг дарга нарт  даалгажээ.

Б.Туул

 

Related news