Авто худалдааны цогцолборт тээврийн хэрэгслийн бүртгэл, дугаар олголтыг төвлөрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-12-22 14:19:53

Энэ сарын 28-наас Авто худалдааны цогцолборт тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаар олголтыг төвлөрүүлж байгаа талаар Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ, Авто Тээврийн Үндэсний Төвтэй хамтран мэдээлэл хийлээ.

Тодруулбал импортоор оруулж ирж буй тээврийн хэрэгслийг бүртгэх, улсын дугаар олгох үйлчилгээг Авто худалдааны цогцолборт төвлөрүүлэхээр болжээ.

Харин тээврийн хэрэгслийн бүртгэлийн ачааллын 70 орчим хувийг эзэлдэг “Цирк”, “Хөсөг Трэйд” салбарт автотээврийн хэрэгслийн эзэмшигч нэр солиулах болон шилжилт хөдөлгөөний үйлчилгээ авахад хүндрэл үүсгэхгүйн үүднээс хэвээр үлдээсэн аж.  

Өнөөдрийн байдлаар Авто худалдааны цогцолборт  арилжааны 4 банк, даатгалын 4 байгууллага, нотариат, улсын дугаарын 8 үйлдвэр, нийтийн ариун цэврийн  5 газар, цайны 26 газар үйл ажиллагаа явуулахад бэлэн болжээ. 

Улмаар тус төвд Нийслэлийн Татварын Газар, Нийслэлийн Замын Цагдаагийн Газар, Улаанбаатар хотын цагдаагийн газартай хамтран ажиллах ажлын байруудыг барьсныг дуулгалаа. 

Импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийн бүртгэлийг нүүлгэн шилжүүлснээр иргэдэд нэг цэгээс чирэгдэлгүй үйлчлэхээс гадна замын түгжрэлийг бууруулна гэж үзэж буй юм.

Дашрамд дурдахад Нийслэлээс АТҮТ-ийн тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналтын үзлэгийн үйлчилгээнд зориулан “Авто худалдааны цогцолбор”-ын дэргэд хоёр га газар олгохоор болжээ.

 

 Б.Заяа

Related news