“Зөв амьдрах ухаан” ТББ-д 40.5 сая төгрөгийн санхүүжилт олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-12-22 16:02:21

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулах тухай” захирамж гаргалаа.

Захирамжаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт орон гэргүй, тэнүүчлэн амьдарч буй иргэдийг нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулахад хамтран ажилладаг “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын 2015 оны 4 дүгээр улирлын 40 сая 500 мянган төгрөгийн санхүүжилтийг олголоо.
Төрийн бус байгууллагуудтай холбогдох хууль журмын дагуу гэрээ байгуулж, үйл ажиллагааг хэрэгжүүлж, үр дүн тооцож сар бүрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Нийгмийн халамж, үйлчилгээний газарт даалгав.
Дээрх үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг 2015 оны Нийслэлийн төсөвт батлагдсан тэнэмэл, орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх зардлаас гэрээ, гүйцэтгэлийн дагуу хянан санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, Төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, гүйцэтгэлд хяналт тавьж, үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Related news