“Дорнод зон” сэтгүүл орон нутгийн шилдэгээр тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-12-22 17:01:45

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл шинэ оны босгон дээр хэвлэл мэдээллийн байгууллагуудын шилдгүүдээ тодрууллаа. Энэ шалгаруулалтад Дорнод аймгийн “Дорнод зон” сэтгүүл шалгарч Монгол Улсын Орон нутгийн шилдэг сэтгүүлээр тодров.

Тус аймагт одоогоор хэд хэдэн сэтгүүл гарч байгаа ч “Дорнод зон” сэтгүүлийн хувьд хэвлэлтийн болон зургийн чанар, дэглэлт, нийтлэлийн бодлогоороо бусдаасаа ялгарч, тэр хэрээрээ уншигчдыг татаж, борлуулалт түргэн байдаг нь сэтгүүлийн чанарыг илтгэж байгаа нэг үзүүлэлт юм.

Тус сэтгүүлийн эрхлэгч Д.Дэлгэрмаа, Манай “Дорнод” сонины редакцийн хамт олон “Дорнод зон” нэртэй шинэ сэтгүүлийнхээ анхны дугаарыг 2014 оны дөрөвдүгээр улиралд гаргаж эхэлсэн. Бүтэн нэг жилийнхээ хөдөлмөрийг мэргэжлийн хамгийн том байгууллага болох Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээр үнэлүүлсэндээ баяртай байна. Энэ бол Дорнод зон олны маань шагнал гэдгийг хэлье. “Дорнод” сонин, “Дорнод зон” сэтгүүлтэй үргэлж хамт байж ирсэн олон мянган үнэнч уншигч түмнийхээ итгэл сэтгэлийг алдалгүй орон нутагт чөлөөт хэвлэлийг хөгжүүлэх үйлсдээ улам их амжилтыг гаргах болно гэлээ.

Дорнод аймагт өнөөдрийн байдлаар 2 сонин, 3 сэтгүүл, 6 телевиз, 6 сайтад 30 гаруй сэтгүүлч, уран бүтээлчид ажиллаж байна.

Б.Туяа

Related news