Өвөлжилт хүндэрч байгаа тул Дундговь аймагт 100 сая төгрөг өгөхөөр болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-12-23 12:58:19

ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж, өвөлжилтийн одоогийн нөхцөл байдалтай танилцан, малчдад төрийн үйлчилгээг хүргэхэд зориулж Засгийн газар 100 сая гаруй төгрөгийг тус аймагт шийдвэрлэж байгааг хэллээ.

Дундговь аймгийн хувьд 549 өрхийн 1921 хүн өөрийн аймгийн бусад сум болон, өөр аймгийн нутагт оторлон өвөлжиж байгаа юм. Оторт яваа малчдын дунд арав гаруй жирэмсэн эх, 0- 5 насны 70 шахам хүүхэд, 40 гаруй ахмад настан явааг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга  ажлын хэсэгт танилцуулсан бөгөөд Өндөршил, Өлзийт сумын эмнэлэг түргэн тусламжийн машин нь эвдэрсэн тул Засаг даргынхаа машинаар дуудлагад явж байгаа, мөн Хулд, Дэлгэрхангай сумын түргэн тусламжийн машины гүйлтийн норм дууссан тул эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхэд хүндрэл учирч байгааг хэлсэн байна. Тиймээс түргэн тусламжийн автомашины асуудлыг дээрхи дөрвөн суманд яаралтай шийдэж өгөх хүсэлтийг ажлын хэсэгт уламжилжээ.

Өвөлжилт хүндэрч байгаа 12 аймгийн нэг нь Дундговь бөгөөд тус аймагт 100 сая, Цагдаагийн газарт 5 сая төгрөгийг иргэд, малчдад төрийн үйлчилгээг саадгүй шуурхай хүргэхэд зориулан Засгийн газар шийдвэрлэж байгаа ажээ.

Дундговь Т. Отгонтуяа

 

Related news