Шинжлэх ухааны цуврал 10 бүтээлийг ЕБС-иудад үнэгүй түгээж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2015-12-24 13:18:37

Монгол Улсын ШУА-иас 2015 оныг “Шинжлэх ухааныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх жил” болгон зарласны дагуу эрдэмтэн, судлаачид хүүхэд залуучуудад зориулан “Шинжлэх ухааны хялбаршуулсан цуврал 10 ном”-ыг бичиж, ЕБС-дад бэлэглэв.

Ингэснээр сурагчид шинжлэх ухааныг амьдралд илүү ойрхноор судалж, суралцах боломжтой болж байна. Нийт 10 мянган хувь хэвлэгдсэн энэхүү цуврал номыг бүтээхэд ШУА-иас 10 гаруй сая төгрөг зарцуулжээ.

Эрдэмтэд энэ цувралыг өөрсдийн хийсэн судалгааны ажлуудад тулгуурлан физик, хими, биологи, ботаник, палеонтологи, түүх археологи, философи зэрэг шинжлэх ухааны олон салбар чиглэлийн мэдлэгийг хүүхэд, залууст энгийн үгээр, ойлгомжтой хэлбэрээр хялбаршуулан бичсэнээрээ онцлогтой.

Энэ үеэр эдгээр цуврал номыг эхний ээлжинд нийслэлийн ерөнхий боловсролын  214 сургуульд бэлэглэсэн юм.

“Монгол орон: археологийн баян галерей” номыг эмхэтгэгч, доктор Д.Цэвээндорж хэлэхдээ, “Монгол орон бол археологийн гайхамшигт дурсгалаар нэн баялаг. Монголын анхны төрт улс хүннүгийн археологийн судалгааг манай археологичид олон жилийн турш хийж ихээхэн үр дүнд хүрээд байна. Энэхүү өвөө хайрлан хамгаалж, түгээн сурталчилж, хойч үедээ унаган байдлаар нь өвлүүлэн үлдээх нь бидний үүрэг” хэмээн онцлов.

Энэхүү цувралд академич Р.Тогоо “Орчлонгийн үүсэл”, академич Ц.Оюунсүрэн, доктор Ш.Болдбаатар “Амьдралын үүсэл”, доктор Б.Батсүрэн ”Монголчуудын уг гарвал”, академич Б.Чадраа “Цахилгаан”, доктор Д.Цэвээндорж, Я.Цэрэндагва “Монгол орон: археологийн баян галерей”, доктор Я.Ариунчимэг, Л.Уранбилэг “Монгол орны эртний амьтан ургамал”, доктор Я.Адъяа, Б.Мэндсайхан “Монгол орны экологи ба амьтад”, доктор Х.Түмэннасан “Генетикийн гайхамшиг”, академич Ж.Тэмүүжин, доктор Г.Сэвжидсүрэн “Нанотехнологи”, доктор С.Соёлмаа, магистр Б.Цэрмаа “Орчлон ертөнцийн тухай хүмүүний ухаарлын дүр зураг” зэрэг ном багтжээ.

Эдгээр цувралыг цаашид жил бүр тасралтгүй цувралаар гаргах юм байна. Зурган хэлбэрт оруулж, багачуудад илүү ойлгомжтой болгохоор төлөвлөсөн гэдгийг салбарын сайд тодотгож байв.

Ирэх онд эдгээр цувралыг 21 аймгийн ЕБС-ийн сурагчдад хүргэх аж.

Өнөөдөр болсон номын нээлт, ном бэлэглэх ёслолын ажиллагаанд БСШУ-ны сайд Л.Гантөмөр, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана болон цуврал 10 номын зохиогчид оролцов.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

Related news