ОХУ-ын агаарын цохилтод 200 орчим энгийн иргэн өртсөн гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-24 14:18:36

ВАШИНГТОН. /VOA/. Сирийн Хомс, Идлиб, Алеппо мужид өгсөн ОХУ-ын агаарын цохилтод наад зах нь 200 энгийн иргэн амиа алдсан гэж “Amnesty International” байгууллага Оросыг буруушаав.

Ойр хавид нь босогчид байхгүй байгаа орон сууц, эмнэлгийн барилгуудад ОХУ цохилт өгч байна гэж хүний эрхийн төлөөх тус байгууллага мэдэгдэлдээ дурдав.

“Босогчид байгаа гэсэн ул мөргүй, энгийн иргэдийн оршин суудаг хэсэг, тэр ч байтугай эрүүл мэндийн байгууламжид ОХУ-ын агаарын цохилтын зарим нь тусаж байна. Үүний улмаас энгийн иргэд амиа алдаж, шархдаж байна. Ийм цохилтууд дайны гэмт хэргийг нэмэгдүүлж болзошгүй” гэж “Amnesty International” байгууллагын Ойрхи Дорнод, Умард Африкийн хөтөлбөр хариуцсан захирал Филип Лютер мэдэгдэв.

Хориотой кластер байлдааны хэрэгсэл болон чиглүүлэгчгүй бөмбөг ОХУ ашигласан нотолгоо байгаа тухайгаа “Amnesty International” дурдсан байна.

Харин ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков тус байгууллагын мэдэгдлийг няцааж, бидний удаа дараа илрүүлсэн хуурамч, улиг болсон мэдээлэл гарсан болохоос биш, тодорхой, шинэ мэдээлэл гараагүй байна гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Related news