Нэг хүүхдэд оногдох хувьсах зардал 116 мянган төгрөг байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2015-12-24 14:19:41

Ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн бэлтгэл болон гол зарчим зүйл заалтуудын талаар УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, С.Одонтуяа, Д.Сарангэрэл, Л.Эрдэнэчимэг нар Төрийн ордонд мэдээлэл хийв. 

Цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас сургуулийн өмнөх боловсролд хамарч чадахгүй байгаа 60 гаруй мянган хүүхдэд халамж, хамгааллын үйлчилгээ үзүүлэх, мөн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль нь цоо шинэ үйлчилгээг нэвтрүүлэх юм. Энэ хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын хүрээнд Хүн амын хөгжил, ниймгмийн хамгааллын сайдын тушаалаар Хүүхэд харагчийг бэлтгэх сургалтын жишиг хөтөлбөр батлагдсан бөгөөд Хүүхэд харах үйлчилгээний үндэсний сургагч багш нарыг энэ сарын 21-нээс эхлэн сургалтад хамруулав. 

Хуулийн хүрээнд 18-65 хүртэлх насны иргэд Хүүхэд харах үйлчилгээг явуулж болох бөгөөд энэ удаагийн сургалтад 21 аймгийн 300 гаруй сургагч багш бэлтгэгдэн сертификат авчээ. Цаашдаа хүүхэд харах үйлчилгээ эрхлэх иргэнд гэрчилгээ олгох сургалтыг Аймаг, нийслэлийн хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохион байгуулах аж.

Хүүхэд харах үйлчилгээний нэг байранд хамрах хүүхдийн тоо 15-аас хэтрэхгүй бөгөөд нэг сургагч багш 2-5 хүртэлх насны таван хүүхдийг хариуцан өдрийн цагаар харах ёстой. Ингэхдээ багшийн цалин зэрэг урсгал зардлыг улсаас дэмжлэг болгон өгөх бөгөөд нэг хүүхдэд оногдох хувьсах зардлыг 116000 төгрөг буюу одоогийн цэцэрлэгт оногдож буй зардалтай дүйцүүлэн олгох юм. Харин эцэг эхээс гаргах нэмэгдэл төлбөрийг энэхүү дүнгийн 60 хувиас хэтрүүлэхгүй байхаар зааж өгсөн байна. Сургагч багш мөн өөрийн 2 хүртэлх хүүхдийг хүүхэд харах үйлчилгээндээ хамруулж болно.  

Хүүхэд харагч нь сайн дурын үндсэн дээр дэмжин туслагч авч ажиллуулж болох бөгөөд Хүүхэд харах үйлчилгээний байр нь зөвхөн хүүхэд харах зориулалтаар ашиглагдана. Байранд хүүхэд амрах, тоглох, унтах, хооллох, гар угаах нөхцөл бүрдүүлсэн байх бөгөөд нэг хүүхдэд 2.5м кв-аас багагүй хэмжээний талбай ногдоно гэж заажээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нас харгалзахгүйгээр хүүхэд харах үйлчилгээнд хамруулж болох ба холимог хэлбэрээр хамруулах тохиолдолд нэг хүүхэд харагчид ногдох хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо нэгээс илүүгүй байхаар хуульчилсан.
 

Н.Туяа

Related news