Чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-12-24 15:30:14

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна. Хэлэлцүүлгийн эхэнд Уул уурхайн сайд Р.Жигжид танилцуулга хийхдээ УИХ-аас Гацууртын алтны ордыг стратегийн ордод хамруулахаар шийдвэрлэсэн тул тус ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох шаардлага үүссэн гэдгийг тодотгов.

Тэрбээр цааш хэлэхдээ, "Хоёр сар гаруйн хугацаанд хэлэлцээний үр дүнд төрийн эзэмшлийн хувь хэмжээг “Ашигт малтмалын тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5-д заасан дээд хэмжээ болох 34 хувь байхаар, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 2-т заасны дагуу дээрх хувийг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр 3 хувиар орлуулахаар тогтсон.

Мөн алтны үнээс хамаарч энэ 3 хувь өөрчлөгдөж байхыг, уг өөрчлөлтийг Засгийн газраас зөвшөөрсний дагуу шийдвэрлэж байхаар тус тус тохирсон. Ерөнхий сайдын 2015 оны 200 дугаар захирамжаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулсан бөгөөд уг ажлын хэсэг нь  хэлэлцээрийг үргэлжлүүлэн хийж “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсан. Уг хэлэлцээрийн үргэлжлэлийн үр дүнд төсөлд шаардлагатай анхны санхүүжилтийн дээд хэмжээ 350 сая ам.доллар байсныг 230 сая ам.доллар хүртэл бууруулж чадсан.

Тус ордын талбайд сүүлийн үед хууль бусаар алт олборлогч иргэд ихээр дайран орж олборлолт явуулах болсон нь аюултай нөхцөл байдлыг үүсгээд байна. Иймд Гацууртын үндсэн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг яаралтай тогтоох шаардлагатай байна" гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд холбогдох албаны хүмүүсээс асуулт асууж, тодруулга авч байна.

Б.Туул

Related news