Улаан бурхан өвчний 250-иад тохиолдол бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-12-24 16:37:40

Увс аймагт  улаан бурхан өвчний тохиолдол өнгөрсөн 5-р сард эхний тохиолдол бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар 250-д хүрээд байна.

Хүйтэн сэрүүний улиралд энэ өвчний дэгдэлт улам идэвхждэг учир 12-р сар гарсаар өвчлөл эрс нэмэгдсэн байна. Аймгийн төвд өвчлөл их гарч байгаа бөгөөд Тариалан, Наранбулаг, Өлгий сумдад 1-2 тохиолдол бүртгэгдэж, бусад сумдад гараагүй байна.

Улаан бурхнаар Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд илүү өвчилж байгаа тул аймгийн Эрүүл мэндийн газраас халдвараас сэргийлэх чиглэлээр зөвлөмж өгөх, халдвар авсан хүмүүсээ тусгаарлаж эмчлэх, голомтонд нь вакцин хийх, сургалт сурталчилгаа хийх ажлуудыг явуулж байгаа аж. Мөн энэ сарын 26-аас эхлэн ЕБС-ийн хүүхдүүдийн хичээлийн амралтыг нэг сар гартал түр хугацаагаар амраахаар аймгаас шийдвэрлээд байна.

“Дотуур байрныхан болон хөдөөнөөс айлд ирж байдаг хүүхдүүд хичээл тараад харихдаа сумандаа очиж халдвар тараахгүй байх үүднээс нь сэргийлж хүүхэд бүрт хүрч зөвлөмж өгөх ажлыг зохион байгуулж байна. Улаан бурхны вакцин хийлгээгүй хүмүүс их өвдөж байна. Ес хүртэлх сартай хүүхэд юмуу, 20-аас дээш насныхан, мөн 12-18 насныхан өвчилж байна. Улсын хэмжээнд вакцины нөөц дууссан тул өвчний голомтод хийх эм тариагүй байна” хэмээн аймгийн ЭМГ-ын Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Наранбат манайд мэдээллээ.

Монгол Улсын хэмжээнд улаан бурхан өвчний дэгдэлт их байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногийн мэдээгээр 26 мянга 700 орчим тохиолдол бүртгэгдсэн байна.

Увс аймаг Б.Батхүү

Related news