Нутгийн зөвлөл боловсон хүчнээ орон сууцаар хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-24 16:58:08

Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн хөрөнгө оруулалтаар  тус аймгийн Алтанширээ суманд төрийн албан хаагчийн дөрвөн орон сууцыг энэ онд барьж ашиглалтад оруулжээ.

Нутгийн зөвлөлөөс найман айлын сууц барихад зориулж нийт 66 сая төгрөгийн төсөвт өртөг төсөвлөснөөс 40 орчим саяаар нь дээрх дөрвөн айлын орон сууцыг барьсан бөгөөд үлдэгдэл 20 орчим сая төгрөгөөр мөн дөрвөн айлын орон сууцны суурийг тавьж ирэх онд ашиглалтад оруулахаар болжээ. Хөдөөд нэн шаардлагатай нарийн мэргэжлийн боловсон хүчнийг урьж ажиллуулах, тэдний ажиллах нөхцөл бололцоог хангах, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор барьсан орон сууцанд тус  сумын Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа залуу эмч Д.Буянхишиг тохь тухтай амьдарч байгаа юм. Түүний сэтгэгдлийг сонсоход “Би өмнө нь айлд амьдардаг байлаа. Нутгийн зөвлөлийн дэмжлэг туслалцаа болон залуу боловсон хүчнийхээ ажиллах нөхцөл бололцоог дээшлүүлж байгаад ихээхэн баяртай байна” гэв.

Х.Эрдэнэбулган

 

Related news