Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувийг тогтооно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-24 17:10:18

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийв.

Гацууртын алтны үндсэн орд нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог бөгөөд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “Сентерра гоулд Монголиа” ХХК юм. Тус орд нь 50 036,05 кг буюу 50 тонн алтны нөөцтэй. Хязгаарлагдмал тодорхой нөхцөлд үр ашигтай нөөц нь 25 тонн, нийт 75 тонн алтны нөөцтэй.

Тус орд дээрх хэмжээний харьцангуй өндөр агуулга бүхий хүдэртэй. Ирээдүйд тухайн бүс нутгийн хөгжилд нөлөөлөхуйц, дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, цаашид ордын хэмжээнд нөөц өсөх магадлалтай юм. Гацууртын ордын төслийг хэрэгжүүлэхдээ толгой компани болох “Сентерра Гоулд Монголиа” ХХК нь  “Бороо гоулд” ХХК-ийн үлдэгдэл хөрөнгийг ашиглах бөгөөд үлдсэн хөрөнгө оруулалтыг зээл болон бусад эх үүсвэрээс  зохицуулах аж.

Гацууртын алтны үндсэн орд нь ашиглалтад ороход бэлэн болсон төсөл бөгөөд нийт 9-10 жил  алт олборлох болон боловсруулах үйлдвэрлэл явуулна. Нийт хөрөнгө оруулалтын зардал нь 215.9 сая ам.доллар, үйл ажиллагааны зардал нь 1026.2 сая ам.доллар, 1769.2 сая ам.долларын борлуулалт хийж, 433,6 сая ам.долларын татвар, төлбөр, хураамж төлөх бөгөөд 1000 орчим ажлын байр бий болох юм. Иймд Гацууртын алтны үндсэн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5, 472 дугаар зүйлийг үндэслэн тогтоож, эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлага үүссэн аж.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, "Манай улс эдийн засгийн хурдацаараа дэлхийд 3-т жагсаж байгаа мөртлөө хамгийн их өртэй 10 улс орны жагсаалтад орсон байна" гэхэд Ерөнхий сайд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, "Гаргаж байгаа эрдэс баялгийн хэмжээ хэвэндээ байгаа ч дэлхийн зах зээл дээр үнэ ханш унасан нь эдийн засагт ихээхэн нөлөөлж байна. Тиймээс гадагш нийлүүлж буй эрдэс баялгийн түүхий эдийнхээ хэмжээг нэмэгдүүлэх шаардлага үүсээд байна. Бусад улс орнууд ч ийм жишгээр ажиллаж байна" гэв.

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж төслийг дагалдаж гарах нийгмийн үнэ цэнийг тодорхой болгож оруулж ирээгүйгээс төслийн үр дүн дорвитой сонсогдохгүй байна. Орж ирэх бэлэн мөнгөний хэмжээгээр төслийн үнэ цэнийг ярьж болохгүй гэсэн бол УИХ-ын гишүүн Г.Уянга тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжихгүй гэдгээ илэрхийлээд 50 тонн алтны төслийнхөө оронд Ноён ууланд аялал жуулчлалын төсөл хэрэгжүүлэх саналтай байгаагаа хэллээ. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ саналаа татаж аваач ээ гэсэн юм. Гишүүд асуулт тавьж, байр сууриа хэлсний дараа тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив.

Related news