"Татварын өршөөл"-ийн хугацааг хоёрдугаар сарын 20 хүртэл сунгалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2015-12-24 18:18:27

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр "Татварын өршөөл" буюу Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэх хугацааг ирэх 2016 оны хоёрдугаар 20 хүртэл сунгах шийдвэр гаргалаа. 

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг УИХ-аас энэ оны наймдугаар сарын 7-нд баталснаас хойш өнөөдрийг хүртэл 6.1 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болсон. Аж ахуйн нэгжүүд энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа ч хуулийн үйлчлэх хугацаа энэ оны 12 дугаар сарын 31-нээр дуусгавар болж байгаа юм. Тиймээс улсын төсөвт төвлөрүүлэх шимтгэл, хураамж болон ил болгож байгаа хөрөнгө, орлогын хэмжээг нэмэх, хуулийн үйлчлэлд тодорхой шалтгааны улмаас хамрагдаж чадаагүй иргэн, аж ахуйн нэгжүүдийг хамруулах зорилгоор уг хуулийн үйлчлэх хугацааг 2016 оны хоёрдугаар сарын 20 хүртэл сунгахаар Засгийн газраас нэн яаралтай өргөн мэдүүлсэн.

Байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэх үеэр Д.Дэмбэрэл, Ч.Улаан нарын гишүүд үйлчлэх хугацааг хоёрдугаар сарын 20 бус 15 гэж өөрчлөх санал гаргасан. Гэвч гишүүдийн олонх энэ саналыг дэмжээгүй бөгөөд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр ирэх оны хоёрдугаар сарын 20 хүртэл сунгахаар баталлаа.

Ингэснээр албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, үл хөдлөх хөрөнгийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй, хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгаагүй, эсвэл хэмжээг нь бууруулсан, нуусан, далд байгаа аж ахуйн нэгж, хөрөнгө, орлого болон орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил, үйл ажиллагааг ил болгож мэдүүлж, нөхөн төлсөнөөр хариуцлагаас чөлөөлөгдөх боломжийг нэмж байна. 

Н.Гантуяа

Related news