Үндсэн хуулийн Цэцийн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2015-12-24 19:35:13

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэв. 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд Цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим, Цэцийн гишүүний төвийг сахих байр суурь, эрх тэгш байдал, тэтгэвэрт гарах үндэслэл /60 нас хүрсэн бол тэтгэвэрт гаргана/, Цэцийн даргын түр эзгүйд даргын үүргийг түр орлон гүйцэтгэх болон Цэц маргааныг дахин хянан үзэх асуудлыг зохицуулжээ. Харин Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд Цэцийн шийдвэр болон нээлттэй хуралдааны тэмдэглэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн зардлаар хувилан авах эрхийг баталгаажуулах, Цэц маргааныг дахин хянан үзэх асуудлыг Үндсэн хуультай нийцүүлэн засч, зөвлөлдөх тасалгаанд олонхитой санал нийлээгүй гишүүн саналаа тусгайлан бичгээр гаргаж, Цэцийн шийдвэрт хавсаргах эрхтэй байх, маргагч тал хүсвэл Цэц хуралдааны тэмдэглэлээ цаас болон дуу, дүрс, цахим хэлбэрээр гарган өгөх, хуралдааны явцад Цэцийн гишүүний асуулт нь урьдчилсан дүгнэлтийн агуулгатай, мэтгэлцэх хэлбэртэй байж болохгүй талаархи хориглолтыг бий болгосон байна. 

Чуулганы хэлэлцүүлгийн шатанд зарим гишүүд “Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаагаар оролдож болохгүй. Улс төрөөс ангид байлгахын тулд бүрэн эрхийн хугацааг нь зургаан жилээр тогтоож өгсөн. Хэрвээ хугацааг нь өөрчилчихвөл ирэх жил наад хүмүүсийг дахиад хөдөлгөнө”, “Энэ хуулиар есөн гишүүний найм нь чөлөөлөгдөнө. Цэцийн гишүүнд насны хязгаар тавих хэрэггүй”, “Монголд арай өөр байдлаар явах ёстой. Буурь суурьтай хандах ёстой. Цэцтэй маргаантай хүмүүс төсөл өргөн мэдүүлсэн нь зарим хүмүүс өс хонзонгоо тайлах маягаар явж байна уу гэж харагдаж байгаа”, “Энэ хуулийг яаран хэлэлцэлгүй илүү тулгатай судалж, илүү том хүрээг хамран оруулж ирж хаврын чуулганаар хэлэлцэх нь зөв” гэх мэт санал гарч ирж байлаа. 
Харин төслийг санаачилсан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Цэцийн хууль Үндсэн хуулиа зөрччихсөн. Үүнээс болоод УИХ Цэц хоёр зөрчилддөг. Үүнээс болоод УИХ Үндсэн хууль зөрчсөн хууль батлаад байна гэдэг. Цэцийн маргаан шийдэрлэж байгаа процесс нь нууц, хаалттай. Тусгай санал гаргах эрх байхгүй. Төвийг сахиж мэдээлэлд үндэслэж шийввэр гаргах чанар алга болсон байгаа. Ийм учраас төвийг сахисан байр суурийг нь бэхжүүлье, шүүхэд тавигддаг шалгуурыг тавъя. Улсын Дээд Шүүхэд тавигддаг зарчмыг оруулж өгсөн байгаа” гэж байв.  
Ингээд байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 62.7 хувь нь хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. 
Энэ асуудлаас өмнө чуулганаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, олонхийн саналаар дэмжсэн юм. 

Үүний дараа 20 мянган тонн улаанбуудайг татвараас чөлөөлөн импортлох асуудлыг хэлэлцэж эхэлсэн ч асуулт асуух гишүүд олон байсан тул маргаашийн хуралдаанаар үргэлжлүүлэх болов. Ингээд зарим хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы маргаашийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэх юм  зарим хуулийн эцсийн найруулгыг сонссоноор чуулганы үдээс хойшхи хуралдаан өндөрлөв. 

Н.Гантуяа

Related news