МСҮТ-ийн багш нар барилгын ажлын стандартад суралцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2015-12-25 08:54:54

Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын багш нарт зориулсан “Барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэшүүлэх сургалт”-ыг үе шаттайгаар явууллаа.

Сургалтын эхнийх нь өнгөрсөн сарын 16-20-нд болсон бол хоёр дахийг нь энэ сарын 7-11-нд зохион байгуулсан юм.Хоёр удаагийн уг сургалтыг Хөдөлмөрийн яам, Европын Холбооны “Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих  төсөл”, Монголын Барилгачдын Холбоо, Барилгын хөгжлийн төв хамтран Барилгын хөгжлийн төв болон Барилгын Политехник коллежид тус тус хийсэн юм.

ХАБЭА-н сургалтанд Улаанбаатар хотын Барилгын Политехник коллеж, Техник технологийн дээд сургууль, “Амгалан” МСҮТ зэрэг барилгын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг арваад сургуулийн барилгын мэргэжлийн 20 багш, хөдөө орон нутгийн 23 МСҮТ-ийн 40 багшийг хамрууллаа. Тэдэнд Хөдөлмөрийн яамны МБСБЗГ-ын дарга, Монголын Барилгачдын холбооны ерөнхийлөгч нарын баталсан хөтөлбөрийн дагуу 34 цагийн онол, хоёр цагийн дадлага, сорилын хичээлээр барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм журмын талаар тодорхой мэдээлэл, мэдлэг өгсөн бөгөөд сургалтад хамрагдсаныг баталгаажуулж гэрчилгээ олгосон.

Мөн сургалтанд оролцогчдыг “Барилгын ажилчдын мэргэжлийн стандарт”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрэм, журмын эмхтгэл”, “Барилгын ажилчдын суурь мэдлэгийг дээшлүүлэхэд тусламж” ном гарын авлагаар хангаж, бүх хичээлийг DVD-д бичиж өгсөн нь сургалтад ашиглахад боломжтой сайн гарын авлагатай боллоо хэмээн багш нар сэтгэл өндөр байлаа.

Related news