Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2015-12-25 10:25:50

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдөр хуралдаан 20 цаг 12 минутад 63.2 хувийн ирцтэй эхэлж, Сонгуулийн хуулийн нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.

Тус байнгын хороо өчигдөр үдээс хойш хуралдаж, Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа нарын 16 гишүүний санаачилсан Сонгуулийн хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 7 гишүүн, мөн Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нарын 10 гишүүний санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэсэн. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гол зарчмууд Сонгуулийн нэгтгэсэн хуулийн төсөлд тусгагдаагүй, сонгуулийн хуулийн асуудлаар улс төрийн намуудын зөвшилцөл бүрэн хийгдээгүй гэж үзэж байгаа тул хуулийн төслөө тусад нь хэлэлцүүлэхээр эвслийн бүлгийн гишүүдийн олонх нь гарын үсэг зурж баталгаажуулаад байгааг мэдэгдсэн. Харин байнгын хорооны дарга А.Бакей хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нарын санаачилж өргөн мэдүүлсэн төслийг энэ удаа шууд хэлэлцэх бэлтгэл хангагдаагүй тул ажлын хэсэг ажиллах шаардлагатай гэдгийг хэлсэн юм.

Иймээс ажлын хэсэг өнөөдөр дахин хуралдаж, Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа нарын 16 гишүүний санаачилсан Сонгуулийн хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 7 гишүүн, мөн Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нарын 10 гишүүний санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцээд зарчмын гол асуудлаар тохиролцсон байна.

Байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч А.Бакей байнгын хорооны хуралдаанд энэ талаар хийсэн танилцуулгадаа, байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар сонгуулийн хуулийн төслийн зарчмын гол асуудал болон зарим зүйл заалтын талаар ажлын хэсгээс гаргасан саналуудаар санал хурааж шийдвэрлэсэн. Гэхдээ нам, эвслийн бүлгүүд зөвшилцөл, нэгдсэн ойлголтод хүрэх талаар анхаарах, төслийн зарим зүйл заалтыг эргэж харах санал гарч байсан тул ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаанаар төслийн зарим асуудал дээр нам, эвслийн бүлгүүд зөвшилцөлд хүрч гурван хуулийн төслийг нэгтгэж хэлэлцлээ. Тухайлахад Улсын Их Хурлын хувь тэнцүүлсэн сонгуульд Монгол Улсын нутаг дэвсгэр нэг тойрог байсныг бүсчилсэн 5 тойрог болгох, бүсчилсэн тойрогт суудал хуваарилах асуудлыг болих нь зүйтэй гэж тохирсон. Ингэснээр томсгосон тойрог хэвээр үлдэх юм. Мөн төслийн зарим зүйл заалттай холбогдуулан нам, эвслийн бүлгүүдээс зарчмын зөрүүтэй зарим санал гаргасан гэдгийг хэллээ.

Ингээд ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Тухайлбал, хуулийн төслийн 22.2 дахь хэсгийн “нэг тойрог” гэснийг “бүсчилсэн таван тойрог болно” гэж өөрчлөхөөр өчигдрийн хуралдаанаао дэмжигдсэн саналыг хасахыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92.9 хувь нь дэмжив. Нэгэнт бүсчилсэн тойргийн асуудлыг хасахаар тохирсон тул энэ асуудалтай холбоотойгоор өмнө нь дэмжигдсэн төслийн холбогдох заалтуудыг хасах саналыг байнгын хорооны хуралдаанаас дэмжлээ. Мөн төслийн 85.6 дахь хэсэгт “Нам, эвслийн нэрийн дараа тухайн нам, эвслийн нэрийн жагсаалтын энэ хуулийн 22.2-т заасан бүсчилсэн тойрогт нэр дэвшсэн нэр дэвшигчийн нэрийг нам, эвслийн гаргасан дарааллын дагуу бичнэ” гэсэн агуулгатай хэсгийг нэмэхээр өчигдөр тогтсоныг хасахаар болов.

Төслийн энэ заалттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт, Г.Уянга нар хувь тэнцүүлсэн тойрогт намын жагсаалтаар нэр дэвшигчдийн нэрийг бүгдийг нь саналын хуудаст бичих санал гаргасан боловч олонхын дэмжлэг авсангүй. Түүнчлэн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар гишүүдийн олонхын саналаар хасахаар шийдвэрлэсэн төслийн 16.3 дахь хэсгийн “Ээлжит сонгуулийн санал авах өдрийг санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө тогтооно” гэснийг "150-иас доошгүй" гэж өөрчлөн найруулахаар тогтлоо.

Ажлын хэсгийн хуралдааны явцад Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва зарчмын зөрүүтэй хоёр, Л.Цог нэг, Н.Батбаяр хоёр санал гаргаснаа татаж авчээ. Мөн “Шударга ёс” эвслийн бүлэг хоёр саналаа татаж авсан байна. Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн дарга нар зөвшилцлийн дагуу Сонгуулийн хуулийн нэгтгэсэн төслүүдийг шуурхай хэлэлцэж, хуулийн хугацаанд нь батлах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томтёололд нэмж тусгуулахаар ажлын хэсгийн гишүүдээс гаргасан саналуудаар санал хураалт явуулав. Төслийн 155.4 дэх хэсэгт төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн Хурлын төлөөлөгчид нэр дэвших бол нэр дэвшигчээр бүртгүүлэхээс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байхаар заасныг “3 сарын өмнө” гэж өөрчлөн найруулах ажлын хэсгийн саналыг гишүүдийн 64.3 хувь нь дэмжлээ. Харин Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч нь 6 сарын өмнө ажил, албан үүргээсээ чөлөөлөгдсөн байх хуулийн заалттай.

Мөн төслийн 127.4-т нам, эвслээс хувь тэнцүүлсэн сонгуулийн тогтолцооны дагуу нэрийн жагсаалтыг эрэмбэлэхдээ гурван нэр тутмын нэг нь аль нэг хүйсийн төлөөлөл байна гэснийг хасах санал дэмжигдсэн. Тиймээс энэ асуудлаар Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, Г.Уянга нар цөөнх болж буйгаа мэдэгдсэн юм. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай, Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцохоор болов.

Эцэст нь байнгын хорооны гишүүдээс бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв. Үүгээр тус байнгын хороо Сонгуулийн хуулийн нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж, 21 цаг 12 минутад өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Related news