Дундговийн малчид мал сүргээ 2 сая 700 мянга давуулан өсгөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-12-25 14:21:17

2015 онд Дундговь аймгийн малчид мал сүргээ таван төрөлд нь 328 мянган толгойгоор өсгөж, жилийн эцсийн мал тооллогоор 2 сая 764 мянган мал тоолууллаа.

Дундговь аймгийн 15 сум 100 мянгаас дээш толгой малтай байгаа бөгөөд хамгийн багадаа Баянжаргалан сум 108 мянга 300, хамгийн олондоо Эрдэнэдалай сум 422 мянга 100 толгой мал тоолуулж, Эрдэнэдалай, Сайнцагаан, Адаацаг сум мал сүргийнхээ тоогоор  аймагтаа тэргүүлжээ.

Мал сүргийн тоог төрөл тус бүрээр авч үзвэл, тэмээ 30,8 мянга, адуу 123.7 мянга, үхэр 55 мянга, хонь 1 сая 266 мянга, ямаа 1 сая 288 мянган толгойд хүрсэн байна. Хамгийн олон буюу 9 мянга 800 тэмээг Өлзийт сум тоолуулсан бол Эрдэнэдалай сум 17 мянга 900 адуу, 12 мянга 500 толгой үхэр, 195 мянга 800 мянган хонь, 194 мянга 500 толгой ямаа тоолуулснаар мал сүргийн өсөлтийг хошуучилжээ.

Дундговь аймаг нийт 6181 малчин өрхтэй бөгөөд тэднээс 524 нь нэг мянгаас дээш тооны мал сүрэгтэй. Үүн дотор хоёр мянгаас дээш мал тоолуулсан 36 өрх байна. Мянгаас дээш мал тоолуулсан өрхийн тоо урьд оныхоос 25.7 хувиар өсч, Эрдэнэдалай, Гурвансайхан, Говь- Угтаал, Сайнцагаан сум хамгийн олон мянгат малчин өрхтэй болсон  байна.

Дундговь Т. Отгонтуяа

Related news