Увс аймгийн 2015 оны онцлох 10 үйл явдал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-12-28 09:42:43

Увс аймаг шинэ оны босгон дээр өнгөрч буй жилд болсон онцлох 10 үйл явдлаа тодрууллаа.

1.Увс аймгийн түүхт 90 жилийн ой тохиов

  “Увс аймгийн түүхт 90 жилийн ой, Баруун бүсийн хурдан морины уралдаан, Монгол бөхийн баярыг өнгөрсөн 7-р сарын 23-25-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ. Аймгийн ойгоос гадна 6 сум 90 жилийн ойн баяраа тэмдэглэсэн юм. Аймаг, сумдын түүхт ойн баярын хүрээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон ажлууд Увс аймагт өрнөж, Улаангом хот болоод бусад сумын төвүүд өнгө жавхаа нэмсэн.

   Баяр наадмын нээлт, морь, бөхийн шагнал, ирсэн зочид гийчдийн тухай өгүүлвэл энд зай талбай хүрэлцэхгүй. Ямартай ч ойрын 10 жилдээ дурсан яригдахаар томоохон баярыг Увсчууд тэмдэглэн өнгөрүүллээ.

2. Газрын тосны хайгуулын ажил хийгдэж байна

  Увс аймгийн “Увс-1” талбайд Гонконгийн хөрөнгө оруулалттай “Монголиа Гладвилл Увс Петролиум” компани 8 жилийн хугацаанд 827 сая долларын хөрөнгө оруулалт хийж, газрын тосны хайгуулын ажил явуулахаар Бүтээгдэхүүн хуваах гэрээг Монгол Улсын Засгийн газартай байгуулсны дагуу Увс аймгийн Малчин сумын нутагт цооног өрөмдөх ажил энэ намар хийгдлээ. Өрмийн ажлыг БНХАУ-ын “Жин тун Увс” компани гүйцэтгэж байна. Газрын тосны хайгуулын кемп дээр монгол 41, хятад 73 ажилчин ажиллаж, 950 м болон 1620 м-ийн урттай хоёр цооног өрөмджээ. Газрын тосны хайгуулын ажил ирэх жилээс улам эрчимжих юм байна.

3.“Гудамж төсөл” хэрэгжлээ

  “Гудамж төсөл”-ийн хүрээнд Увс аймгийн Улаангом хотноо 10.5 км авто зам, 2.1 км 8 уулзвар тойрог, 14.5 км явган хүний зам, 2.1 км дугуйн зам, 8.2 км гэрэлтүүлэг, газар доорх инженерийн байгууламж бүхий стандартын шаардлага хангасан цогц бүтээн байгуулалт хийгдээд байна. Шинэчлэлийн Засгийн газар 1.5 сая ам долларын “Чингис” бондыг босгож, 2013 оноос “Гудамж төсөл”-ийг Улаанбаатар хот болон Архангай, Хэнтий, Увс аймгуудад хэрэгжүүлсэн юм. 

4. “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрт Тэс сум хамрагдлаа

   “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрт Увс аймгийн Тэс сум хамрагдаж, таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийгдлээ. Энэ хүрээнд Тэс сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловсруулах, гадна дулаан болон цэвэр усны 2,6 км, гадна ариутгах татуургын 2,3 км шугам тавих, 1,4 мвт-ын хоёр хос зуух суурилуулах, 50 м куб усан сан барих, 8 барилгад шинээр дулааны узель, тогооны барилгын засварын хийх, хоногт 100 м кубын био цэвэрлэх байгууламж барих, хоёр насосны станц угсрах, гүний худаг болон гражийн барилга угсралтын ажил гүйцэтгэх, сургууль, дотуур байрнуудын цэвэр бохир усны шугам татаж, ариун цэврийн өрөөнүүдийг засварлах, сумын төвийн гудамжны 2,5 км-ын гэрэлтүүлэг, явган хүний зам тавих, Нутгийн удирдлагын ордны барилга угсралтын ажил гүйцэтгэх гэх мэт 9 төрлийн багц ажилд нийтдээ 4,8 сая төгрөг зарцуулсан байна. Үүнээс гадна Тэс суманд шинээр Соёлын төв баригдаж, Тэсийн гол дээр төмөр бетонон гүүр тавигдсан. Тэрчлэн Увс аймгийн 5 сумын төсөвт байгууллагууд дулааны нэгдсэн системд холбогдоод байна.

5. Цэнгэлдэх хүрээлэн ашиглалтад орлоо

  Улаангом хотноо 3000 хүний суудалтай Цэнгэлдэх хүрээлэн баригдаж, өнгөрсөн 6-р сарын 30-нд ашиглалтад орлоо. 2011 онд анх суурийг нь тавьсан энэхүү барилгын ажил “царцсан” барилгын тоонд орж явсан ч аймгийн 90 жилийн ойн баярыг тэмдэглэх талбайгүйгээс үүдэн өнгөрсөн жилээс ажил нь эрчимжиж, ойн өмнө бэлэн болсон юм. 400 м-ийн  стандарт хангасан гүйлтийн замтай, 60х90 хэмжээтэй хөл бөмбөгийн талбайтай, ногоон зүлэгтэй, дээрээ сүүдрэвчтэй, эргэн тойрон 109 павилонтой энэхүү Цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажлыг “Арвижих-Увс” компани 4.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр барьж гүйцэтгэсэн юм. Барилгын ажлын үлдэгдэл мөнгө болох 125 сая төгрөг одоо хүртэл тухайн компанийн дансанд шилжиж ороогүй байгаа аж. Цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө 600 орчим сая төгрөгөөр 2000 машины зогсоол мөн байгууласан юм.

6. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа

Аймгийн 90 жилийн ойн баяр дээр баяр нэмж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Увс аймаг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсан юм. Анх 1981 онд Увс аймаг Алтангадас одонгоор шагнагдсан бол 34 жилийн дараа ийнхүү Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа. Үүнээс гадна Увс аймаг 2014 оны ажлаараа баруун таван аймагтаа тэргүүлж, Монгол Улсын Шилдэг аймаг болсон Соёрхолыг Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг аймгийн Засаг даргад өнгөрсөн 5-р сард гардуулан өгсөн. Эдгээр шагнал нь аймаг орон нутагт ойрын жилүүдэд хийгдсэн томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын үр дүн төдийгүй, Увс аймгийн бүтээлч, хөдөлмөрч ард иргэдийн хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой билээ.

7. Баруун бүс нутагт хөрөнгө оруулагчид чууллаа

  Баруун бүсийн хөрөнгө оруулалтын чуулган “Их наядын Увс” сэдвийн дор өнгөрсөн 6-р сарын 25-26-ны өдрүүдэд Улаангом хотноо болж өнгөрсөн. Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор зохион байгуулагдсан энэхүү чуулганд Франц, Казакстан улсаас Монголд суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдууд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчид, ОХУ-ын Тува улс, БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн удирдлага зэрэг гадаадын төлөөлөгчид болон Улаанбаатар хотоос холбогдох албаны хүмүүс, баруун 5 аймгийн удирдлагууд, Увс аймгийн 19 сумын төлөөлөл оролцсон томоохон арга хэмжээ болсон. Чуулганаар баруун бүсийн аймгуудыг хөгжүүлэх, эдийн засгийг нь сэргээхэд уул уурхай, Их наяд ба хөдөө аж ахуй, аялал жуулчлал, ложистик гэсэн үндсэн таван чиглэл голлох байр суурьтай байна хэмээн оролцогчид дүнгэсэн юм. Энэ үеэр бүс нутгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулахуйц 15 гэрээнд талууд гарын үсэг зурж, түүнийгээ бодит ажил болгохоор шийдвэрлэсэн. 

8. Анхны 9 давхар барилга баригдлаа

  Улаангом хотноо хамгийн анхны 9 давхар барилга “Элит- 45” орон сууц баригдаж ашиглалтад орлоо. Энэхүү барилга нь лифттэй бөгөөд газар хөдлөлтийн 9 баллд тэсвэртэй, нил суурьтай бүрэн цутгамал төмөр каркас гэдгээрээ бусад барилгаас эрс ялгарч байна. Гадна талдаа хүүхэд багачууд тоглож наадах тоглоомын талбайтай, оршин суугчид нь амарч салхилах амралтын талбайтай, дулаан граж, автомашины зогсоолтой, тав тухтай амьдралын таатай орчинг бүрдүүлсэн, Улаангом хотын өнгө төрхөнд шинэ үзэмжийг бий болгосон, анхны 9 давхар барилга энэ онд баригдлаа.

9. Хорьдугаар зууны манлай бөхийн хөшөө сүндэрлэв

   Монгол Улсын даяар дуурсагдах, далай даян, дархан аварга, Зууны манлай бөх Хорлоогийн Баянмөнхийн алдрыг дархалж түүний хөшөө цогцолборыг Увс аймгийн төв Улаангом хотноо Спортын төв ордны өмнө сүндэрлүүлэн, нээлтийн үйл ажиллагааг аймгийн 90 жилийн ойн баяраар буюу өнгөрсөн 7-р сарын 24-ний өдөр хийлээ. Хөшөөний нээлтэд аваргын үр хүүхэд, шавь нар, Увс нутгийн зон олон, аймаг орон нутгийн удирдлагууд, төр засгийн түшээд хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлсэн юм. Монгол Улсын даяар дуурсагдах, далай даян, олныг баясуулагч, түмнээс төгөлдөр, баяр наадмын манлай, харьшгүй хүчит, улсын дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн хөшөөг амьд сэрүүнд нь босголоо.

   Уг хөшөөг Увс аймгийн Хяргас сумын харьяат, залуу уран барималч Б.Говьсайхан сарын хугацаанд урласан байна. Хөшөөний суурь нь дэлхийн бөх гэдгийг нь бэлгэдсэн бөмбөрцөг хэлбэртэй, олон өрсөлдөгчдийн дундаас монгол бөхийн ноён оргилд хүрснийг нь бэлгэдэн далайн шуурга салхины дүрсийг урлажээ. Түүнчлэн эргэн тойронд нь  арслан, заан, начин цолыг бэлгэдсэн хөшөөг урласан байна.

10. Гурван сая дахь иргэнтэй чацуутнууд  8  төрлөө

Монгол Улсын гурван сая дахь иргэн өнгөрсөн 1 дүгээр сарын 24-ний өдөр мэндэлж, Монголчууд гурван саяуулаа болсон билээ. Гурван сая дахь иргэнтэй нэг өдөр 181 хүүхэд төрж, үе чацуутан болсны найм нь Увс аймгийнх байсан. Монгол Улсын гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр хугацаанд буюу дөрвөн минутын өмнө Туулын Буян-Өлзий хүү аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэндэлсэн юм. Гурван сая дахь иргэний үе чацуутан найман хүүхдийн 5 нь Улаангомд, бусад нь Цагаанхайрхан, Өмнөговь, Наранбулаг суманд мэндэлжээ. Туулын Буян-Өлзийд хүүд аймгаас 70 сая төгрөгийн үнэ бүхий цоо шинэхэн хоёр өрөө байр гардуулсан бол бусад хүүхдүүдэд тус бүрт нь гурван сая төгрөгийн буцалтгүй тэтгэмж олгосон байна.

Увс аймгийн Б.Батхүү

Related news