Эрдоган: Цэргээ Иракт үлдээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-28 10:15:56

ИСТАНБУЛ. /Xinhua/. Туркийн цэргүүд Иракт үлдэнэ гэдгийг тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ням гарагт мэдэгдэн Гадаад хэргийн яамныхаа мэдэгдлийг няцаав.

"Сургагчаар ажиллаж буй цэргүүдээ хамгаалах зорилгоор Туркийн цэргүүд Иракт байгаа. Тэд тэндээ үлдэнэ” гэж Истанбулд болсон арга хэмжээний үеэр Эрдоган хэлсэн байна.

Иракт байлдахаар цэргүүдээ илгээгээгүй бөгөөд курд болон араб цэргүүдийг бэлтгэхээ үргэлжлүүлэхээр Турк “шийдвэр төгс” байгааг Эрдоган дахин илэрхийлэв.

“Лалын улс”-тай тэмцэж буй Иракийн хүчнийг бэлтгэх, тоног төхөөрөмжөөр хангах олон улсын ажиллагааны нэгэн хэсэг хэмээн тайлбарлаж, Иракийн хойд нутгийн Башика хуаранд Анкара 100 орчим цэргээ энэ сарын эхээр илгээсэн юм.

Туркийн Ерөнхийлөгч Эрдогантай АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама утсаар ярьсны дараа, Башика хуарангаас цэргээ гаргах тухайгаа 12 дугаар сарын 19-нд Туркийн Гадаад хэргийн яам мэдэгдсэн билээ.

Х.Аминаа

 

Related news