ОХУ, Японы Гадаад хэргийн дэд сайд нарын уулзалт хийх хүсэлтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-30 15:06:07

ТОКИО. /TASS/. ОХУ болон Японы Гадаад хэргийн дэд сайд нарын уулзалтыг ирэх жилийн хоёрдугаар сард Токио хотод зохион байгуулах хүсэлтэй байгаагаа Японы Засгийн газар мэдэгдсэнийг тус улсын “NHK” телевиз мэдээлэв.

Японы Гадаад хэргийн дэд сайд Шинсуке Сугияма, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов улсуудаа төлөөлөн уулзалт хийх боломжтой тухай “NHK” телевиз дурдсан байна.

Уг уулзалтын үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн ОХУ-д хийх айлчлалын газар, өдрийг товлох асуудлыг хэлэлцэх ажээ. Анталья хотод болсон “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Абэгийн уулзалтын дараа уг асуудлыг хөндсөн байна.

Үүний дараахан Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков, Путин Токиод албан ёсны айлчлал хийхээс өмнө Абэ ОХУ-ын аль нэг мужид айлчлахаар төлөвлөсөн гэж мэдэгджээ.

Мөн тэрбээр, Путины Японд хийх айлчлалын асуудлыг цаашид хэлэлцэж, зохицуулна гэдгийг онцлон тэмдэглээд, гэхдээ үүнээс өмнө Японы Ерөнхий сайд Оросын аль нэг мужид айлчлал хийх боломжтой бөгөөд уг асуудлыг хэлэлцэнэ гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Related news