Сүхбаатар дүүргийн 64 иргэн төрийн дээд одон, медаль гардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2015-12-31 08:26:14

Монгол Улсын Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 104 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төр захиргаа, хууль эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Сүхбаатар дүүргийн 64 иргэнийг  төрийн одон, медалиар шагнажээ.

Уг шагналыг өчигдөр буюу энэ сарын 30-нд дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, Засаг дарга Д.Бадарсан, Засаг даргын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Л.Нармандах болон ЗДТГ-ын дарга Д.Баасанбат нар гардуулан өглөө.

Шагнал гардуулах үйл ажиллагааг нээж дүүргийн Засаг дарга Д.Бадарсан хэлсэн үгэндээ “Улиран одож буй 2015 онд Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойг тэмдэглэсэн ажил, амжилтаар дүүрэн жил байлаа. Та бүхэн олсон ололт, хуримтлуулсан туршлагаа залуу хойч үедээ өвлүүлэн, уламжлуулж, дүүргийнхээ хөгжилд улам илүү хувь нэмрээ оруулна гэдэг итгэлтэй байна” хэмээв.

Монгол Улсын төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор дүүргийн XVIII хорооны өндөр настан Б.Чимэддамба, Эрүүл мэндийн нэгдлийн орлогч дарга Ц.Ганчимэг, дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга Д.Сонгохбаяр нарын зургаан хүн, Алтан гадас одонгоор дүүргийн Засаг дарга асан А.Амарсайхан, Зүүн хүрээ Дашчойлон хийдийн лам Ц.Алтанхүү, 1 дүгээр сургуулийн багш Х.Батцэцэг нарын 46 хүнийг шагнасан байна. Мөн Цэргийн гавьяаны одонгоор X хорооны иргэн О.Бямбасүрэн, Хөдөлмөрийн хүндэт медалиар 58 дугаар сургуулийн ахмад багш Я.Дархижав, Монголын Залуучуудын холбооны цахилгаанчин Н.Раднаасэд нарын 11 хүнийг тус тус шагнажээ.

Ч.Ариунболд

Related news