Өнгөрсөн жил АНУ-д 13 мянга гаруй хүн буудуулж, амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-01-04 10:10:39

ВАШИНГТОН. /NHK/. АНУ-д гарч буй буутай холбоотой гэмт хэргийг тус улсын Ерөнхийлөгч Барак Обама бууруулахаар хичээсэн хэдий ч өнгөрсөн жил тус улсад 13 мянга гаруй хүн буудуулж амиа алджээ.

Амиа хорлосон хүмүүсийг эс тооцвол өнгөрсөн жил АНУ-д 13286 хүн буудуулж, амиа алдсан байна гэж Вашингтон хотод төвтэй “Gun Violence Archive” төрийн бус байгууллага мэдэгджээ. Энэ нь 2014 оныхоос 711-ээр илүү үзүүлэлт юм.

Өнгөрсөн жилийн зургадугаар сард Өмнөд Каролина муж улсын Африк-Америкийн сүмд нэгэн цагаан арьстан гал нээж, есөн хүний амийг хөнөөсөн. Харин өнгөрсөн сард Калифорни муж улсын нийтийн үйлчилгээний газарт мөн буутай этгээд халдлага үйлдэж, 14 хүний амийг хөнөөсөн хэрэг гарсан байна.

Буутай холбоотой гэмт хэргийн асуудлыг “бүрэн зохицуулаагүй” байгаа бөгөөд үүнийг анхааралдаа авна гэж Барак Обама шинэ оны анхны мэдэгдлээ хийхдээ амлажээ.

Мөн тэрбээр, даваа гарагт Ерөнхий прокурор Лоретта Линчтэй уулзаж, буутай холбоотой гэмт хэргийг бууруулах арга замуудыг хэлэлцэнэ гэж мэдэгдсэн байна.

Гэвч АНУ-ын зарим хэвлэлд, өөрийгөө хамгаалах зорилгоор буу худалдан авч байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж байна гэж бичжээ.

Д.Нямтулга

 

Related news